Олон улсын стандартад нийцсэн цөмийн болон цацрагийн хэмжилт, шинжилгээний лаборатори байгуулах асуудлыг судлах ажлын хэсгийн анхдугаар хуралдаан өнгөрсөн баасан гарагт Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд боллоо. Тус ажлын хэсэг нь салбаруудын мэргэжилтнүүдээс бүрдсэн 21 гишүүнтэйгээр цөмийн болон цацрагийн хэмжилт, шинжилгээний лабораторийн байршил, техник, технологийн шаардлага, санхүүжилт, эрх зүйн орчин болон олон улсын стандарт, итгэмжлэлийн талаар судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэгтэй юм. Үүний хүрээнд Дорноговь аймагт ийм лаборатори байгуулах бөгөөд хөрөнгийг нь “Орано майнинг”, “Бадрах энержи” компаниуд гарган, санхүүжилтийн нөхцөлөө нарийвчлан судалж, зөвшилцөлд хүрэх боломжтой хэмээн урьдчилсан байдлаар тооцож байгааг мэдээлэв. Цөмийн болон цацрагийн хэмжилт, шинжилгээний лабораторийг байгуулснаар ураны хайгуул, олборлолтын бүсийн хөрс, ус, агаар дахь цацрагийн түвшнийг стандартын дагуу хэмжиж, шинжлэх, болзошгүй эрсдэлийг эрт илрүүлэх, хүн, мал амьтан, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бодит мэдээлэлд тулгуурлан үнэлэх боломж бүрдэх аж. Мөн иргэдийг шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн зөв мэдээллээр хангаж, цацрагийн аюулгүй байдлын талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд чухал ач хол богдолтой хэмээн АҮЭБЯ-наас онцоллоо. Лаборатори байгуулахтай холбоотой судалгаа, төлөвлөлтийг ирэх сард багтаан дуусгах гэнэ.
С.Дулам