Канадын зохиолч, яруу найрагч Энн Карсон энэ оны утга зохиолын Нобелийн шагнал хүртэх болсон юм. Сонгодог уламжлалыг өвөрмөц байдлаар баяжуулж, орчин үеийн уран зохиолын хөгжилд шинэ өнгө төрх нэмсэн бүтээлүүдийг нь Шведийн академи ийн үнэлсэн байна. Энн Карсон яруу найраг, хүүрнэл зохиол, эсээ, орчуулгыг хослуулан туурвидаг онцлогтой юм. Эртний Грекийн уран зохиолыг орчуулахын зэрэгцээ сонгодог сэдэв, дүрүүдийг нь орчин үеийн өнцгөөс дахин тайлбарласан олон бүтээл бичжээ. 1998 онд олны хүртээл болгосон “Улааны намтар” шүлэглэсэн роман нь түүний хамгийн алдартай бүтээлүүдийн нэг гэгддэг.
Энн Патриция Карсон 1950 онд Торонто хотод банкны ажилтны гэрт төржээ. Бүр хоёрдугаар ангид байхаасаа л уран зохиол бичих гэж оролдох болсон байна. Түүнд Майкл хэмээх ах байсан бөгөөд тэд өөр өөр сонирхолтой байв. “Тэр мансуурулах бодистой холбогдож, дараа нь баривчлагдсан ч зугтаж, улмаар эх орноосоо гарч явсан” гэж Карсон бичсэн байдаг. Майкл Карсон 1978 онд Канадаас явж “2000 онд дүүтэйгээ анх хэл ам авалцахад нь Копенгагенд очиж уулзана” гэж Энн Карсон амлажээ. Гэтэл ердөө долоо хоногийн дараа ахынх нь гэргий ярьж нөхрөө нас барсныг дуулгав.
Энн Карсон Торонтогийн их сургуульд сурч сонгодог уран зохиолын бакалавр, магистрын зэрэгтэй болж, 1981 онд эрдмийн зэрэг хамгаалав. АНУ, Канадын их сургуулиудад багшилж ч үзэв. Анхны зохиол нь болох “Гашуун-амтлаг тууль” нэртэй уянга-гүн ухааны эсээ нь 1986 онд хэвлэгджээ. Уг бүтээлийг 2024 онд орос хэл дээр хэвлүүлсэн аж. “Энэ бүтээлээ одоо уншихад ч таашаалтай байдаг юм. Эрдмийн зэрэг хамгаалсан бүтээл бичсэн нь ном бичих ажилд маань ихээхэн тус дөхөм болсон” гэж тэрбээр ярьдаг байв. Түүний ажлын өрөөнд хоёр ширээ бий, нэг нь багшийн ажилд, нөгөө нь уран зохиол бичихэд зориулагдсан тухай “lowa Kevien” хэвлэлийн газрын материалд өгүүлсэн байдаг. 1995 онд хэвлүүлсэн шүлэглэсэн эсээндээ гол баатар эмэгтэй нь нөхрөөсөө салаад ээжийгээ эрж олохоор явдаг тухай өгүүлдэг. 1999, 2000 онд уншигчдын гар дээр очсон хоёр бүтээлдээ эртний Грекийн уран зохиолыг ХХ зууны Пауль Целан, Виржиния Вульф нарын зохиолтой харьцуулжээ. Зохиолчийн өөрийнх нь ярьснаар оюутан байхын л Английн уран зохиолыг сонирхоогүй. Гэхдээ “Маш бага мэддэг ч би Английн уран зохиолын учрыг сайн олдог” гэж Энн Карсон ярьдаг. Үнэхээр ч өөрийн зохиол бүтээлдээ бичсэнээс нь үзэхэд Английн уран зохиолоос эш татсан нь элбэг. 1998 онд хэвлүүлсэн “Улааны намтар” шүлэглэсэн романыхаа үргэлжлэлийг “Улаан Док” нэрээр 2013 онд хэвлүүлжээ.
Яруу найргийн бүтээлүүдээ эмхэтгэн “Хань нөхрийн минь гоо үзэсгэлэн” нэрээр хэвлүүлж Т.С.Элиотын яруу найргийн шагнал хүртсэн анхны эмэгтэй зохиолч болжээ.
Нас эцэслэсэн ахдаа зориулсан яруу найргийн “Nox” номоо 2010 онд хэвлүүлэв. “Түүний тухай хэлж ярьж чадах бүхнээ нэгтгэж ном болгохыг хүссэн. Нэг ёсондоо энэ ном маань түүний шарилд өргөсөн үг минь юм” гэж сэтгүүлчийн асуултад хариулахдаа Энн Карсон хэлсэн байна. Түүний хэлснээр бичсэн эсээнүүдээ бодол хийгээд баримт сэлтээр хийсэн зураг дүрслэл гэж хардаг аж. Елена Троянская, Мэрилин Монро нарын түүх намтрыг сүлэлдүүлж бичсэн “Троягийн Норма Жин Бейкер” ном нь 2019 онд олны хүртээл болов. Түүний бүтээлүүд франц, испани, итали, польш, орос хэл дээр хэвлэгджээ.
Энн Карсон Эртний Грек, Латины уран зохиолыг, тэр дундаа Эсхил, Катулла, Еврипид, Гомер, Софокл, Сапфо нарын бүтээлийг орчуулжээ. Өөрийнх нь хэлснээс үзвэл Гомерийн бүтээлүүд түүнд их хүчтэй нөлөөлжээ. Түүнд Нобелийн шагнал олгох тухай шийдвэрт “Сонгодог уламжлалтай гайхалтай нийцүүлсэн зоримог, дүрслэл сайтай бүтээл нь орчин цагийн уран зохиолд шинэ хэлбэр бий болгосон” хэмээн өгүүлсэн байх юм.
Энн Карсоны зарим бүтээлийг бидэнд олдсон мэдээллийн хэмжээнд цухас ч гэлээ тодруулахыг оролдъё. “Улааны намтар”-таа эртний Грекийн домгийн баатар Героиний дүрийг орчин цагийн сэтгэлгээгээр урлан бүтээжээ. Домогтоо Героин нь нисдэг ер бусын “амьтан” бөгөөд Геракл түүнийг алдаг. Карсон түүнийг фото зураг сонирхдог өсвөр насны хүү болгож, Геракл хэмээх залууд дурлуулжээ. Тэд харамсалтайгаар нэгнээсээ холдсон ч олон жилийн дараа дахин учирна. Домгийн зохиомжоор уламжлан нас биед хүрч, анхны хайрыг амталж, ганцаардлыг ч үзэн туулж буй талаар өгүүлжээ. Яруу найргийн “Ханийн гоо үзэсгэлэн” бүтээл нь мөн л хайр, гэр бүл, түүний харамсалтай төгсгөлийн тухай өгүүлжээ. Царайлаг нөхрийнх нь гоо үзэсгэлэн, хүнийг татах чадвар нь түүний үнэнч бус байдлыг анзаарахгүй өнгөрөөхөд хүрсэн бүсгүйн дурсамж маягаар бичсэн байна. Карсон гоо үзэсгэлэн хийгээд үнэн, хүсэл тачаал, урвалт, хайр болон өөрийгөө хуурах хоорондын зөрчил тэмцлийг судалж байв.
Ахдаа зориулсан “Нокс” яруу найргийн номдоо түүний амьдрал, үхлийн учир утгыг ойлгохын тулд гэр бүлийнхээ зураг, захидал харилцаа, дурсамж, эртний Ромын яруу найргийг үзэж, уншжээ. Өөд болсон ахдаа зориулж бичсэн Гай Валерий Катуллын шүлгийн орчуулга гол байрыг эзэлсэн байна. Уг бүтээлийг хамгийн ойр хүнээ сайн мэдэж авахын тулд дурсгалыг нь, уй гунигийг нь, боломжгүй юмсынх нь тухай бодол сэтгэл гэж хэлж болно.
Энн Патриция Карсоны хоёр дахь нөхөр нь зураач Роберт Карри, тэд хүүхэдгүй. Карри гэргийнхээ номын зургийг зурдаг. 2024 оны наймдугаар сард зохиолч “London review of books” сэтгүүлийн сурвалжлагчтай ярилцахдаа паркинсон өвчин туссанаа нуулгүй хэлжээ.
Сонирхуулахад: Нобелийн шагнал хоёр удаа хүртсэн цөөн хүний нэг нь Америкийн иргэн Лайнус Полинг аж. 1954 онд химийн салбарын, цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхийн эсрэг, түүний туршилтыг хориглохын төлөө тэмцсэний учир 1962 онд энх тайвны шагналыг авчээ. Нобелийн шагналтнууд хэсэг хугацаанд алдар цуутан гэгдэж, тэдний хэлсэн үг бүр ихээхэн жинтэй болж ирдэг байна. Германы Дюссельдорфын Хенрих Хайнегийн нэрэмжит их сургуулийн дэргэдэх түүх, анагаах ухааны онол, ёс суртахууны хүрээлэнгийн анагаах ухааны түүхч Нильсон Хансон чухам үүнд л аюул нуугдаж байдаг гэж үзэж буй.
Нобелийн шагнал авчихаад зарим нь бодит ахуй амьдралаас хөндийрч олны дунд “дэмий балай юм чалчиж” эхэлдэг бөгөөд үүнийг “Нобелийн өвчин” гэж нэрлэх болсон байна. Өөрөөр хэлбэл, тэд нотлох баримтаар батлагдаагүй, утга учиргүй юм түгээж эхэлдэг аж. Үүний нэг тодорхой жишээ нь мөнөөх Лайнус Полинг гэнэ. Витамин “С”-г хавдар, зүрх судасныхыг оролцуулаад бүх өвчнийг намдаах үйлчилгээтэй гэж тэрбээр 1960-аад оны дундуур нотлохоор оролдож эхэлсэн ч үүнийг нь одоо хэр шинжлэх ухааны хувьд баталсан тохиолдол алга.
Францын вирус судлаач Люк Монтанье 1983 онд хүний дархлал хомсдол (ДОХ)-ын вирусийг нээж, хамтран зүтгэгч Франсуаза Барре-Синусс хоёул 2008 онд Нобелийн анагаах ухааны салбарын шагнал хүртжээ. Монтанье тэр даруйдаа хуурамч шинжлэх ухаан руу “урваж”, 1983 онд хийсэн нээлт нь олон сая хүний амийг аварсан ч сонгодог шинжлэх ухааны ертөнцөөс бүрэн хөндийрсөөр насан эцэслэжээ.
Америкийн биологич Жеймс Уотсон Британийн хоёр хамтрагчтайгаа анагаахын салбарт хийсэн нээлтээрээ 1962 онд Нобелийн шагнал авсан ч ДНК нь хүний бүхий л шинж чанарыг тодорхойлно гэдэгт гүнзгий итгэж, шинжлэх ухааны эсрэг, арьс өнгөөр ялгаварласан агуулгатай мэдэгдлүүд хийх болсон нь биологийн ухааны нэр хүндийг унагаж орхисон аж. 2000 оноос тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа өнгөт арьст хүмүүс генетикийн хувьд оюун ухаанаараа цагаан арьстнуудаас доогуур байдаг хэмээн нэг бус удаа мэдэгдэх болжээ. Үүнийг нь шинжлэх ухааны үндэслэлгүй, нийгмийн хүчин зүйлийг үгүйсгэж, генетикийг гажуудуулж байна гэж эрдэм судлалын хүмүүс үзэж түүний байр суурийг бут цохисон юм. Анагаах ухааны түүхч Нильс Хансоны бодлоор Нобелийн шагнал зарим тохиолдолд зохих эзнээ олохгүй байгаа аж. Германы Филипп Ленард 1905, Йоханнес Штарк 1919 онд Нобелийн шагналыг физикийн шинжлэх ухаанд хийсэн гайхамшигтай нээлтээрээ хүртсэн ч илт улс төржин, арьсны өнгөөр ялгаварлах болж, “ари үндэстний” гэж нэрлэгдэх физикийн ухааныг бий болгогч, зүтгэлтнүүд болж хувирчээ. Тэд Адольф Гитлерийг илт дэмжиж, орчин цагийн квант механик хийгээд Альберт Эйнштейний харьцангуйн онолыг “еврейн хуурмаг шинжлэх ухаан” гэх болсон байна.
Р.Жаргалант