Монголбанк инфляцыг дунд хугацаанд жилийн зургаан (±2) хувьд “барих” бодлого баримталж буй. Тэгвэл энэ онд инфляцын түвшин Төвбанкны зорилтот дээд интервал буюу 6-8 хувь орчимд хэлбэлзсээр, 2026 оны сүүлийн хагаст зорилтын голчид хүрэх төлөвтэй гэж тус банкныхан төсөөлжээ. Дэлгэрүүлбэл, 2024 оны эцэст 8.4, ирэх жилийн төгсгөлд 7.3, түүний дараа оны сүүлчээр зургаан хувьд хүрнэ гэж тооцсон байна. Тус банкнаас өчигдөр танилцуулсан, энэ оны гуравдугаар сарын байдлаарх инфляцын тайланд ийнхүү дурдсан байв. Гэхдээ цаг агаарын хүндрэлээс улбаатай зудын нөхцөл байдал, цалин, тэтгэврийн өсөлт, ногдол ашиг хуваарилалт зэрэг хүчин зүйлээс шалтгаалан инфляц суурь төсөөлөлд авч үзсэнээс нэмэгдэх эрсдэлтэй гэж тооцжээ.
Тодруулбал, өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор сүүлийн саруудад хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ тогтмол нэмэгдсээр байгаа гэнэ. Өнгөрсөн сард инфляцын түвшин өмнөх оны мөн үеийнхээс долоон хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ зонхилох (2.8 нэгж буюу 40.2 хувиар) нөлөө үзүүлжээ. Энэ төрлийн бараа, бүтээгдэхүүний бүлгийн үнэ гуравдугаар сард өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 9.8 хувиар өссөн байна. Тэгвэл ирэх улирлуудад ч ийм байдал хадгалагдах төлөвтэй гэж Монголбанкны тайланд дурджээ. Түүнчлэн энэ оны I улиралд хэрэглээний усны төлбөрийг 20 гаруй хувиар нэмсний нөлөөгөөр төрийн зохицуулалттай бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цаашид өсөх хандлагатай гэв. АИ-92 шатахуун худалдан авах гэрээний үнэ өөрчлөгдөхгүй гэж үзээд, ханш нь энэ оны турш тогтвортой байна гэж төсөөлжээ.
Дотоодын эдийн засгийн идэвхжил өнгөрсөн онд хүлээлтээс давж, нийт үйлдвэрлэл жилийн эцсийн дүнгээр долоо, дөрөвдүгээр улиралд 7.2 хувиар өссөн. Үүнд нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээнд хүрснээс үүдэлтэй уул уурхай, тээврийн салбарын өсөлт гол нөлөө үзүүлсэн бол санхүү, даатгал, зочлох үйлчилгээний салбарынхан ч хувь нэмэр оруулжээ. Тэгвэл энэ өсөлтөөс улбаатай өөдрөг төсөөллийг хөдөө аж ахуйн салбарын уналт “эвдэж” болзошгүйг тайланд дурдсан байна. Харин ирэх онд цаг агаарын байдал олон жилийн дунджийн орчимд хүрч, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл сэргэн, Оюутолгойн ордын үйлдвэрлэл эрчимжсэний дам нөлөөгөөр эдийн засгийн өсөлт сайжрах хүлээлт тавьж байгаа гэнэ.