Жил бүрийн дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын сүүл хүртэлх хугацаа нь мод тарих хамгийн тохиромжтой үе. Үүнийг тохиолдуулан Барилгачдын талбайд мод, бут, сөөгийн суулгац, үрслэгээний үзэсгэлэн, худалдаа үргэлжилж байна. Увс, Сэлэнгэ, Төв аймагт мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ойн мэргэжлийн байгууллагууд шинэхэн үрсэлгээгээр Барилгачдын талбайг дүүргэжээ. Арав гаруй асар барьсан уг талбайд орон нутгаас ирсэн, мод үржүүлгийн аж ахуй эрхлэгчид цуглажээ. Тэнд улиас, хайлаас, гацуур, нарс тэргүүтэй шилмүүст, үхрийн нүд, алим, улаалзгана зэрэг жимст, монгол сарнай, голт бор гэх мэт цэцэгт модны суулгац борлуулж буй аж. Тус үзэсгэлэн, худалдаанд оролцогчид мод, бутны суулгацаа ойролцоогоор 500-120 000 төгрөгөөр худалдаж байна.
Үзэсгэлэн, худалдаанд оролцогч “Шаамар питомник” компанийн талбайн инженер Н.Нацагдорж “Манайх суулгацуудаа 500-120 000 төгрөгийн үнээр борлуулж байгаа. Хамгийн хямд нь 500 төгрөгийн үнэтэй хайлаасны суулгац. Харин хамгийн үнэтэй нь морин улаагана гэх 120 000 төгрөгийн үнэтэй чимэглэлийн мод. Монголчуудын хамгийн түгээмэл ургуулдаг мод нь хайлаас болон улиас. Насжилтаас нь хамаарч 500-5000 төгрөгөөр борлуулдаг. Хайлаас нь жилд 40-60 см хүртэл ургадаг. Ойролцоогоор нэг метр талбайд 10 см-ийн зайтай сөөлжүүлэн таривал тохиромжтой” гэв. Тэд энэ удаагийн үзэсгэлэн, худалдаандаа голт бор болон үхрийн нүдний суулгацыг онцолжээ. Учир нь голт бор нь балт ургамлын ангид хамаардаг, хүйтэнд тэсвэртэй, гэрэлд дуртай ургамал аж. 20 см орчим өндөртэй, анхилуун үнэртэй, хөх ягаан өнгийн цэцгээр гоёдог гэнэ. Үнийн хувьд насжилтаас нь хамаараад 5-15 мянган төгрөгөөр зардаг юм байна.
Түүнчлэн үхрийн нүд бол манай орны уур амьсгалд зохицон ургаж чадах хамгийн тохиромжтой ургамал аж. “Шаамар питомник” компанийн худалдаж буй үхрийн нүдний суулгац нь усан үзэмтэй эрлийзжүүлсэн гэдгээрээ онцлогтой. Үүнийг тарихдаа эгнээ хооронд гурав, ургамал хооронд 1.5-3 метрийн зайтай суулгана. Ингэхдээ 50-60 см гүн, 40-50 см диаметртэй нүх ухаж, 1-2 хүрз хөх бууцыг хөрстэй нь сайтар холих ёстой гэнэ. Энэ нь бутны ургалтад сайнаар нөлөөлж, хажуугийн нэмэлт үндэснүүдийг үүсгэнэ. Шороог чигжих үедээ нахиаг нь гэмтээхээс болгоомжлох хэрэгтэй. Суулгасны дараа ойролцоогоор 40 л усаар усална. Хөрсийг эмтрүүлж хатаахгүйн тулд тогооны доторх талбайг ялзарсан бууц, үртэсний аль нэгээр бүтээвэл сайн ургадаг аж. Нэг талбайд үхрийн нүдний нэг сортыг тарихад өөртөө тоос хүртээж, ургацад муугаар нөлөөлдөг тул 2-3 сортын үхрийн нүдийг хольж таривал ургалтад нь тустай юм байна.