Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг хоёр нэгжээр нэмэгдүүлж 12 хувьд хүргэх, хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 50 хувиар шинэчлэн тогтоох, тэтгэврийн зээлд зохицуулалт хийх шийдвэр гаргаснаа олон нийтэд танилцууллаа. Ингэхдээ эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг харгалзан үзсэнээ дурдав. Тодруулбал, өмнөд хөршид үл хөдлөх салбарын уналт үргэлжилж, гангийн эрэлт багассанаас нүүрс, төмрийн хүдрийн импорт саатаж, үнэ нь эрс буурчээ. Энэ нь тус улсад уул уурхайн бүтээгдэхүүн нийлүүлж, төсөв, гадаад валютын гол нөөцөө бүрдүүлдэг манай оронд хүнд сорилт болж буй. Цаашид АНУ-аас хэрэгжүүлж байгаа олон улсын зах зээл дэх бодлого, БНХАУ-ын эдийн засгийн нөхцөл байдал, том гүрнүүдийн худалдааны сөргөлдөөн хямралыг өдөөж, томоохон эрсдэл дагуулж болзошгүй гэнэ.
Энэ оны нэгдүгээр сард инфляц улсын хэмжээнд 9.6, Улаанбаатар хотод 9.7 хувьтай гарсан. Үүнд импортын бараа, үйлчилгээ, түрээсийн болон цахилгааны үнийн өсөлт голлон нөлөөлсөн гэв. Ирэх тавдугаар сараас дулааны, есдүгээр сараас хэрэглээний халуун, хүйтэн усны тарифыг нэмэхээр шийдвэрлэсэн нь инфляцыг улам өдөөж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүнд дарамт учруулахаар байгааг Төв банкныхан онцоллоо. Хэрэглээний зээлийн өсөлт сүүлийн жилүүдэд өндөр түвшинд хадгалагдсан хэвээр, тэтгэврийн зээлийн өр, орлогын харьцаа 84 хувьд хүрсэн гэдгийг мэргэжилтнүүд хэлэв. Гадаад, дотоод орчны энэ мэт хүчин зүйлсийг харгалзан дээрх шийдвэрүүдийг гаргажээ. Түүнчлэн Засгийн газраас хэрэгжүүлэх мега төслүүдийн бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хугацаанд нь эхлүүлж чадахгүй байх эрсдэл нүүрлээд буйг ч анхаарууллаа. Гадаад худалдааны нөхцөл байдал сайнгүй байгаа үед том төслүүдийг хэдий хугацаанд хэрхэн санхүүжүүлэх нь төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөцөд чухал нөлөөтэй гэв.
Ж.Сувд