Монголын хоккейн холбооноос уламжлан зохион байгуулж буй 2025-2026 оны лигийн аварга шалгаруулах тэмцээн Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын газрын мөсөн талбайд өрнөж байна. Гурав дахь өдрийн тоглолтод Дархан-Уул аймгийн “Шарын гол” багийнхан Орхоны “Хангарьд”-ын тоглогчдыг 9:4-өөр хожиж, хоёр дахь хожлоо авснаар зургаан оноотой боллоо. Тэдний дараа өнгөрсөн жил тэргүүн байрт шалгарсан “Дархан”-ынхан “Багануур” клубийнхэнтэй тоглож, 8:2-оор илүүрхэн эхний ялалтаа байгуулснаар багтаа гурван оноо авчрав. Дөрөв дэх өдрийн тоглолтод “Хангарьд”-ынхан “Дархан”-ынхантай өрсөлдөж, 11:3-аар хошуучлан тойргийн хоёр дахь хожлоо авч, таван оноотой тэмцээнийг үргэлжлүүлж буй.
Түүнчлэн “Степпе Монстерс”-ынхон лигийн хошой аварга “Шарын гол” багийнхантай таарч, онооны харьцааг 7:4 болгон тойргийн гурав дахь хожлоо авч, есөн оноогоор хүснэгтийн эхэнд бичигдсэн. Сүүлийн буюу тав дахь өдрийн тоглолтод тэд “Багануур”-ын тамирчдыг16:2-оор ялж, дөрөв дэх хожлоо авч, 12 оноотой I тойргийг тэргүүлж байна. Лигийн тэмцээнд нэг аймгийн хоёр баг хүчтэй өрсөлдөгч болж тоглосон нь олны сонирхлыг ихэд татав. “Шарын гол”-ынхон “Дархан”-ынхантай гал гартал өрсөлдөн, оноо хол зөрүүгүй 6:5-аар буулгаж авснаар гурав дахь хожлоо авч, есөн оноогоор II байрт шалгарлаа. “Хангарьд” багийнхан энэ удаа эхний тойргийг таван оноотой III, “Дархан”-ынхан гурван оноотой IV, “Багануур”-ынхан нэг оноотой V байр эзэлсэн юм. II тойргийн тэмцээн ирэх сарын 19-23-нд үргэлжлэн явагдана.