Монгол дахь Америк их сургууль Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад оролцсон “Гэгээн арвай” клубийн дасгалжуулагч болон тамирчдад дөрвөн жилийн сургалтын төлбөрийг бүрэн хариуцах, нэг хүнд 60 сая төгрөгийн үнэ бүхий шатрын академик тэтгэлэг гардуулж, бэлтгэл сургуулилалтаа базаах, спортын замналаа үргэлжлүүлэх, дээд боловсрол эзэмших боломж олгожээ.
Узбекистаны Самарканд хотод өнгөрсөн сард зохион байгуулсан шатрын олимпиадад эрэгтэйчүүд 206 багаас 26 дугаар байр эзлэн B ангилалд мөнгөн медаль хүртэж, эмэгтэйчүүд багаараа 17 оноо авч, VII байрт ороход их мастер Б.Гүндаваагийн удирдлагад бэлтгэл хийдэг тус клубийн тамирчдын ур чадвар багагүй нөлөөлжээ. Тэдний олон улсын түвшинд гаргасан амжилтыг үнэлж дээрх сургуулийн ерөнхийлөгч Роберт Риц “Мэргэжлийн шатарчид олон улсын тэмцээнд тогтмол оролцдог. Тиймээс залуу тамирчид амжилт гаргахын тулд дээд боловсрол эзэмшихээ хойшлуулах нь бий. Үүнийг харгалзан “Гэгээн арвай” клубийн тамирчдад дөрвөн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож, тэмцээнд оролцохын зэрэгцээ дээд боловсрол эзэмших боломжийг нь бүрдүүлж байна. Бид цаашид мэргэжлийн тоглогчдод тэтгэлэг олгох, тэмцээн зохион байгуулах, хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ” хэмээн онцолсон. Уг арга хэмжээний үеэр Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Амгалан болон тус их сургуулийн удирдлагууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна.