
Ховд аймгийн Жаргалант сумд энэ сарын 20-нд тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд тусгаарлан эмчилж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл нян судлалын нарийвчилсан шинжилгээгээр уг сэжигтэй тохиолдлын онош батлагдаж, тарваган тахлын булчирхайн хэлбэрээр өвчилснийг аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээллээ. Азаар өвчтөний ойрын хавьтлын 12 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан байна.
Тахлаар өвчилсөн тухайн иргэн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумаас тарвага агнах явцдаа уруулж, халдвар авсан нь тогтоогджээ. Тус сум нь тарваган тахлын байгалийн голомтын өндөр идэвхжилтэй бөгөөд Алтай таван богд чиглэлийн аялал жуулчлалын бүс нутаг гэдгээрээ онцлогтой.
Улсын хэмжээнд 2016-2025 онд тарваган тахлын хүний өвчлөлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 39 хувь нь нас баржээ. ЗӨСҮТ-ийнхний сэрэмжлүүлснээр манай орны 17 аймгийн 137 сумын 443 300 ам км нутаг дэвсгэр тарваган тахлын байгалийн голомттой, үүнээс есөн аймгийн 28 сум нь өндөр эрсдэлтэй гэнэ. Жил бүрийн 7-9 дүгээр сард эдгээр бүс нутагт байгалийн голомтын идэвхжил нь хамгийн өндөр хувьтай байдаг тул тарвага тэргүүтэй мэрэгч амьтан агнахгүй, тэдгээрийн цус, эд, эрхтэнд хүрэхгүй, махыг нь хүнсэнд хэрэглэхгүй байхыг анхаарууллаа.