Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 80 ортой, гурван давхар зочид буудал барьж байна. Ресторан, бэлэг дурсгалын дэлгүүр, хурлын танхимтай энэхүү буудлыг ашиглалтад оруулахад бараг бэлэн болжээ.
Үүнийг барихад 1.5 тэрбум төгрөг зарцуулж буй агаад мөнгийг нь Сүхбаатар аймаг төлөх ёстой ч хятадууд өөрсдийн мөнгөөр барьж өгч байгаа гэнэ. Нэг ёсондоо Өмөрмонголын Шилийн гол аймагтай бараа бүтээгдэхүүн солилцох зам (бартер)-аар бариулж буй энэ буудлынхаа төлбөр болгож, Эрдэнэцагаан сумын нутгаас гурван жил өвс хадах эрх олгожээ.
Шилийн голын хадланчид жилд 10 га газрын өвсийг хадан, авч явах юм байна. Хил орчмын аялал жуулчлал хөгжүүлэхийн тулд зочид буудал бариулж буй гэнэ.
Үүнээс гадна өнгөрөгч зун зуншлага тааруу байсан нийслэл, Төв, Дархан-Уул аймгийн удирдлагууд тус аймгийн удирдлагуудтай гэрээ байгуулан, долоон сумын 23200 га талбайгаас хадлан бэлтгэж байгаа аж. Дорнодын нэг га талбайгаас дунджаар долоон центнер орчим хадлан гарч байгаа гэнэ.
Х.ЭРХЭМ