Монголчуудын бараг тэн хагас нь буюу 1.7 сая хүн сүүлийн нэг жилд дотооддоо аялсан бөгөөд Үндэсний их баяр наадмын өдрүүдэд л гэхэд хоногт дунджаар 731.9 мянган аялагч эх орноороо “хөндлөн гулд” явжээ. Давхардсан тоогоор монголчууд нэг жилийн хугацаанд 3.2 саяулаа дотоодод аялж, 2.6 их наяд төгрөг зарцуулсан байна. “Дотоодын жуулчдын 2025 оны түүвэр судалгаа”-ны үр дүнгээс харахад хамгийн их аялсан чиглэл нь Хөвсгөл аймаг 328.6, Архангай 265.2, Улаанбаатар хот 211.6, Сэлэнгэ 178, Өвөрхангай 153.2, Увс аймаг 146.7 мянган жуулчин хүлээн авчээ.
Оргил ачааллын үе 7-8 дугаар сард тохиож, жуулчдын дийлэнх олонх буюу 1.4 сая нь байгалийн дурсгалт газар үзэх зорилгоор аялсан бөгөөд тэдний 83.2 хувь нь 49 хүртэлх насныхан байсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Монгол Улсад оршин суугаа иргэдийн дотоодын аяллын төлөв байдал, хэв маягийг тодорхойлж, жуулчлалын салбарын эдийн засагт оруулж буй хувь нэмрийг тооцох мэдээллийг бүрдүүлж буйгаараа онцлогтой уг судалгааны дүнгээр аялагчид нэг аялалд дунджаар 1.1 сая төгрөг зарцуулсан байна. Мөн нийт жуулчны 1.3 сая буюу 76.2 хувь нь гэр бүлийн гишүүдтэйгээ, ихэвчлэн 4-7 хоногоор аялахыг илүүд үздэг гэжээ.
Дотоодын жуулчдын сэтгэл ханамжийг илэрхийлэх ерөнхий индекс 68.1 хувь (дундаж оноо 3.73) байгаа нь боломжийн үзүүлэлт хэдий ч орон нутгийн дэд бүтэц болон орчны цэвэр, аюулгүй байдал зэрэгт сэтгэл нэлээд дундуур үнэлгээ өгсөн аж. Энэ нь зам, тээвэр, дэд бүтцийн хүртээмж, орчны цэвэрлэгээ, аюулгүй байдал, ариун цэврийн байгууламж, хог хаягдлын менежмент зэргээс шалтгаалж буйг дүгнэлтэд анхааруулсан байна.
Л.Аргамжин