Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа тэргүүтэй албаны хүмүүсийг энэ сарын 25-ны өглөө Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багт очиход нутгийн иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ.
Тэд УИХ-ын “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай энэ оны 75 дугаар тогтоолын дагуу чөлөөт бүс байгуулах ажлаа танилцуулахаар Ялалт багт очсон юм байна. Гэсэн ч тэр нь амжилтгүй болсон тул Халхгол сумын төвд очсон аж.
Тэндхийн иргэд ч бас эсэргүүцлийн жагсаалаар хариу барьж, 75 дугаар тогтоолоо цуцлахыг шаардсан байна.
Тус сумын 1600 гаруй иргэн чөлөөт бүс байгуулах тогтоолыг цуцлуулах өргөдөлд гарын үсэг зурж, УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүргүүлээд буй.
Түүнчлэн УИХ-ын 10-аад гишүүн хамтарч, Чөлөөт бүсийн тухай хуулиас Халх голын сав газарт чөлөөт бүс байгуулах заалтыг хасах санал гаргаад байгаа аж.
Б.БАЙГАЛ