Монгол Улсын Шадар сайд, Баянхонгор аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу тус аймагт өнөөдрөөс эхлэн энэ сарын 29 хүртэл гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан тус аймгийн Засаг даргын захирамжаар Баянхонгор аймгийн хэмжээнд энэ сарын 21-нээс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ. Томоохон гамшиг гарвал бэлэн байх, нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтийн байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлтийг бодит байдалд нийцүүлэн тодотгох, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ард иргэд, аж ахуйн нэгж болон олон нийтийн байгууллагыг оролцуулах зорилгоор ийм арга хэмжээ зохион байгуулж буй аж.
Баянхонгор аймаг газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог, тарваган тахлын байгалийн голомттой, уул уурхайн осол, хүчтэй салхи шуурга, хүн, малын халдварт өвчин цөөнгүй тохиолддог. Он гарснаас хойш ой, хээрийн болон ахуйн гал түймэр 48, хүн, мал, амьтны халдварт өвчин, хүчтэй салхи шуурга нийт 12 удаа тохиолдож, газар дөрвөн удаа чичирхийлж, гол, нуурын усанд таван хүн живж, уул уурхайн осол хоёр удаа гарч, дөрвөн хүн өртөн нас баржээ.
Дээрх сургуулилалтын бэлтгэл болгож, өчигдөр тус аймгийн төвийн иргэдийг аюулгүй газарт түр нүүлгэн шилжүүлэх дадлага хийв. Найман багийн иргэд, оюутан, сурагчид, цэцэрлэгийн багачууд нийлсэн 18053 хүн үүнд хамрагдлаа. Баянхонгор сумын долоон байршилд зарлан мэдээллийн дуут дохио байрлуулан, гамшиг тохиолдсон үед иргэдийг цуглуулах аюулгүй газар сонгон, зөвлөгөө өгч буй аж.