Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч нар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй газрын тосны агуулах, шатахуун түгээх станц, шингэрүүлсэн хийн түлшний станцуудыг өнгөрсөн есдүгээр сарын 14-нөөс энэ сарын 15-ны хооронд шалгажээ. Шалгалтанд хамруулсан 170 объектоос галын аюулгүйн дүрэм, норм, стандарт зөрчсөн 1020 зөрчил илрүүлж, 126-г нь газар дээр нь арилгуулж, нийт 19 албан тушаалтныг зургаан сая арван хоёр мянган төгрөгөөр торгожээ. Үүнээс гадна Галын аюулгүй байдлын норм, нормативын шаардлагыг ноцтой зөрчсөн дараах долоон шатахуун түгээх станц (ШТС)-ын үйл ажиллагааг түр зогсоожээ.
- “Шунхлай трейдинг” ХХК-ийн ШТС-ын 26 дугаар салбар,
- “Жаст ойл” ХХК-ийн ШТС-ын наймдугаар салбар,
- “Петро жамп” ХХК-ийн ШТС-ын хоёрдугаар салбар,
- “Сод Монгол групп” ХХК-ийн ШТС-ын 28 салбар,
- “Сод Монгол групп” ХХК-ийн ШТС-ын 56 дугаар салбар,
- “Дашваанжил” ХХК-ийн хийн станцын 15 дугаар салбар,
- “Бадрал” ХХК-ийн ШТС-ын нэгдүгээр салбар