Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх 55 дугаар сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад зориулан, соёлын тэргүүний ажилтан, дуучин С.Болор энэ сарын 23-нд Тусгаар тогтнолын ордонд хандивын тоглолт зохион байгууллаа. Ардын жүжигчин Ч.Мөнхшүр, гавьяат жүжигчин Ж.Уранчимэг, соёлын тэргүүний ажилтан Г.Чинболор, П.Бямбахүү, Т.Амина, Б.Номин-Эрдэнэ, хөөмийч Т.Лхамрагчаа, “Гурван бүдүүн”, “Увертюра” хамтлаг, “Univers best songs”-ын шилдэг оролцогч Г.Цэрэнсүрэн нар энэхүү тоглолтод оролцож, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сэтгэлийн дэм хайрлав. Тоглолтын орлогыг 55 дугаар сургуульд хандивласан юм.
Тусгаар тогтнолын ордны хамт олон ирэх арваннэгдүгээр сард өрнүүлэх “1000 төгрөг” аяныхаа хүрээнд цуглуулах мөнгөө тус сургуульд хандивлахаа энэ үеэр мэдэгджээ. Халуун сэтгэлийн уг тоглолтыг Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулиуд дэмжин оролцсон байна.