УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж, нефть бүтээгдэхүүн, шатахууны татварыг нэмэгдүүлэх, цалин хасахыг дэмжихгүй байхаар санал нэгджээ.
Тус бүлгийн дарга С.Бямбацогт тэвчиж болох, шаардлагагүй зардал, тухайлбал, гадаад, дотоод томилолт, сургалт, семинар, шатахуун, унааны зардлыг бууруулах замаар цалингийн хэмжээнд гар хүрэхгүй байж болно гэсэн юм.
Мөн бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа тодотголын хүрээнд орлого нэмэгдүүлэх талаар дахин тооцоо хийх шаардлагатайг онцолсон. Ингэхдээ сүүлийн жилүүдэд нэмэгдсэн урамшуулал, унаа хоолны хөнгөлөлт, гэрээт ажилчдын цалин, бараа үйлчилгээний зардлыг 2012 оны түвшинд аваачих ёстой гэж үзэж буй аж.
Түүнчлэн 2016 онд шинээр ямар нэг объект барих ажил эхлүүлэхгүй, өмнөх онуудад эхэлснээ дуусгах ёстой гэв. Үүний зэрэгцээ Төсвийн зарлагын дэд хороонд нийслэлийн төсвийг хянаж үзэх, улсын 119 үйлдвэрийн газар, төрийн өмчит компаниудын тооцоо судалгааг нягталж үзэх чиглэл өгөв.
Мэдээллийн дараа С.Бямбацогт, Д.Хаянхярваа нар сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.
-Цалин бууруулахыг дэмжихгүй гэж байгаа нь улс төрийн албан тушаалтан болох та бүхэн цалингаа хасуулахыг хүсэхгүй байна гэсэн үг үү?
С.Бямбацогт: -Төрийн албан тушаалтнуудыг жинхэнэ, үйлчилгээний, улс төрийн гэж ялгах нь буруу. УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахууд бусдын л адил гэр бүлээ авч явах гээд цалингийн, байрны зээлтэй байгаа хүмүүс. Тийм учраас цалинг бууруулахгүй байх ёстой гэж үзсэн.
-Шатахууны үнийг хэдэн төгрөгөөр бууруулах боломжтой гэж тооцоолж байна вэ?
-Дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ буурсантай холбоотойгоор Тайваньд литр шатахууны үнэ 500 төгрөгөөр буурсан. Улаанбаатар хотоос 300 гаруй км-т орших Алтанбулагт лирт шатахуун 1000 төгрөг байна.
Гэтэл нийслэлийн иргэд 1700-1800 төгрөгөөр худалдан авч байна. Холбогдох байгууллагууд тооцоо, судалгаа хийсний үндсэн дээр үнийг буулгавал иргэдийн амьдралд шууд эерэгээр нөлөөлнө.
-Нийслэлийн төсвийг тусгайлан шалгах үүрэг өгсөн нь юутай холбоотой вэ?
Д.Хаянхярваа: -Шилэн дансны хуулийн дагуу ил гарсан баримтуудын талаар та бүхэн мэдэж байгаа болов уу. Хоёр орлогчтой байх ёстой нийслэлийн Засаг дарга зургаан орлогчтой ажиллаж, ИТХ-ын төлөөлөгчдийнх нь зардал анхаарал татаж буй учраас Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хандаж байна.
Б.НОМИН