Халхгол суманд хөдөө аж ахуйн бүс байгуулахтай холбоотойгоор “Гадаадын иргэдийг визгүй оруулж ирж газраа сүйтгүүлэх нь” гэсэн эсэргүүцэл газар авч байгаа. Тэгвэл салбарын яамнаас энэ нь ор үндэсгүй мэдээлэл гэж мэдэгдэв. Засгийн газар, “Халх гол” чөлөөт бүсэд ажиллах, түр оршин суух гадаадын иргэд нь тус чөлөөт бүсэд ажиллагсдын гурван хувиас илүүгүй байхыг тогтоолд тусгасан байна. Энэхүү гурван хувийн гадаадын ажилчид нь зөвхөн эрчимжсэн газар тариалан, мал ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай тусгай мэргэжлийн инженер, технологич, судлаачид байх аж. Жишээлбэл, чөлөөт бүсэд 1000 ажлын байр шинээр бий боллоо гэхэд түүний гурван хувь буюу 30 хүн л гадаадын нарийн мэргэжлийн хүмүүс байх гэнэ. Тус бүс нутаг нь өөрөө нутгийн гүнд байршилтай учраас монгол улсын хилээр орох гадаадын иргэд хууль тогтоомжийн дагуу заавал визтэй орж ирнэ. Түүнээс гадна тус шийдвэрт мөн “Халх гол” чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийн хувьцааных нь 51-ээс дээш хувийг заавал монгол хүн эзэмших ёстой гэж тусгажээ.