Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн төв замаас Сонсголон орчмын үйлдвэрлэлийн бүс, Яармагийн гэр хороолол, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, Төв аймаг луу чиглэсэн стратегийн чухал ач холбогдолтой энэхүү замыг 1973 онд ашиглалтад оруулснаас хойш 2013 он хүртэл засвар хийгээгүй учраас нийт хучилтынх нь 90 орчим хувь нь эвдэрч, сүйдээд байв. Тиймээс нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Гудамж” төслийн захиалгаар үндэсний компаниуд уг замыг хүнд даацынх болгон шинээр тавьж, бүх төрлийн тээврийн хэрэгсэл зорчиход саадгүй болгож, маргааш нээхээр боллоо.
Монгол Улсад анх удаа үндэсний компаниуд орчин үеийн дэвшилт техник, тоног төхөөрөмж ашиглан цемент бетон хучилттай авто зам тавьж буй нь энэ. Тодруулбал, ХБНГУ-ын “Виртжен” группийн SP 500, АНУ-ын “Гомако” брэндийн бетон дэвсэгч ашиглан дотоодын цемент, арматур, авто замын бусад материал ашиглажээ. Замын урт нь “Монос”-ын уулзвараас Нисэх-Яармаг хүртэл 5.5 км бөгөөд тус бүр нь 3.5 метр өргөн, дөрвөн эгнээ бүхий зорчих хэсэгтэй. Зорчих хэсгийн хоёр талаар 0.5 метр өргөн аюулгүйн зурвас, замын тэнхлэг дагуу нэг метр өргөн тусгаарлах зурвас, хоёр талаар нь явган хүний 1.5х2 метр өргөн зам, мөн дугуйн замтай аж. Хуучин зам нь долоон метр өргөн зорчих хэсэгтэй, 1.5х2 метр өргөн хайрган хөвөөтэй, нийт 10 метр өргөн байжээ. Харин шинэ төлөвлөлтөөр 24 метр болгон өргөсгөж, зам дагуу хамгаалалтын төмөр хайс, гэрэлтүүлэг хийсэн байна.