Сүүлийн жилүүдэд бөөрний дутагдалтай хүний тоо нэмэгдэх болсон. Ийм өвчтэй хүмүүсийн амьдрах ганц найдвар нь гемодиализийн аппаратад орох явдал. Гэтэл улсын хэмжээнд бөөр орлуулах 90 орчим аппарат байдаг ч орон нутаг, нийслэлийн алслагдсан дүүргийн иргэд түүгээр эмчлүүлж чаддаггүй. Харин Японы “Токүшюүкай” группийн “Токүда-Монгол” сангийнхан Налайх хот, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт тус бүр таван ширхэг гемодиализийн аппарат өчигдөр бэлэглэлээ. Ингэснээр алслагдсан аймаг, дүүргийн иргэд шатлал алгасалгүй эмчлүүлэх боломж бүрдлээ.
Налайх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Эрдэнэбат “Хагас тэрбум орчим төгрөгийн өртөг бүхий бөөрний таван аппарат хандивласанд маш их баярлалаа. Манайх өмнө нь ийм аппаратгүй байсан болохоор бөөрний архаг дутагдалтай хүмүүсийг эмчилдэггүй байв. Өвчтөн дээрх аппаратад долоо хоногт гурван удаа, 4-6 цагаар тогтмол ордог” гэж ярив.
Дашрамд дурдахад, “Токүда-Монгол” болон “Хавдаргүй Монгол” сангийнхан Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Токүдагийн нэрэмжит хиймэл бөөрний төв байгуулсан юм.