Баянхонгор аймгийн Шинэжинст суманд жирэмсэн эмэгтэй нас баржээ. Эх яагаад эндсэнийг шалгаж тогтоохоор тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ажлын хэсэг томилсон байна. Шалгалтын багийнхны дүгнэлтээр жирэмсэн эх нарийн мэргэжлийн эмчийн тусламж авч чадаагүйн улмаас нас барсан аж. Уг эмэгтэй элэг, цөс, бөөрний суурь өвчтэй байсан аж. Ажлын хэсгийн дүгнэлтэд “Эрсдэл өндөр, элэг, цөс, бөөрний суурь эмгэгтэй жирэмсэн эхийг онцгой хяналтад аваагүй, жирэмсний хяналт дутмаг, эхийг төрөх үед төрөлтийг буруу удирдаж анхаарал халамж сулруулсан учир эхний эндэгдэл гарчээ. Тодруулбал, эхийн умай урваж, цус алдсанаас өвдөлт, цус алдалтын шок, ДВС, хурц цус алдалт, амин чухал эрхтэнүүдийн үйл ажиллагааны хурц дутагдалд оржээ. Энэ үед нарийн мэргэжлийн эмчийн тусламж үзүүлж чадаагүйн улмаас эх нас барсан байна” гэжээ. Шинэжинст сумын найман эмч, эмнэлгийн ажилтнуудыг мэргэжлийн хяналтынхан найман сая гаруй төгрөгөөр торгож, хариуцлага алдсан сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгчийг ажлаас нь халуулахаар тус сумын Засаг даргад уламжилсан байна.