Архидалт, түүнд тавих хяналт байхгүй болсноос төмөр замын хориотой бүсэд ажиллагсад нь амиа алдах нь ихэсчээ. Тухайлбал, Дорноговь аймгийн Эрдэнэ сум дахь өртөөний дарга А.М согтуудаа 4382 дугаарын галт тэргэнд дайруулж нас барсан байна.
Энэ талаар Зам, тээврийн сайд М.Зоригт твиттер хуудастаа “Улаанбаатар төмөр зам”-ын зөрлөгийн дарга ажлынхантайгаа архидсанаас галт тэргэнд дайруулан, амиа алдаж, улмаар хөдөлгөөн есөн цаг саатаж гэнэ. Энэ асуудлыг УБТЗ-ынхан нуусан байна” хэмээн жиргэжээ.
Мөн тэрбээр “Улаанбаатар төмөр зам”-д шалгалт оруулах болсноо мэдээлсэн аж. Уг хэргийн талаар ЦЕГ-ын харьяа Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга А.Лхагвадорж “Өнгөрсөн есдүгээр сарын 6-ны үүрээр А.М нь хориотой бүсэд явж байгаад галт тэргэнд дайруулж, нас барсан.
Галт тэрэгний машинистыг үүнд буруутай байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн. Машинистууд дуут дохио өгөөгүй, тоормосоо татаагүй байна уу гэдгийг шалгасан. Шалгалтын явцад согтууруулах ундаа хэрэглэн, хориотой бүсэд явж байсан иргэн буруутайг тогтоож, машинистын хэргийг хэрэгсэхгүй болгох саналаа прокурорт хүргүүлсэн.
Эцсийн шийдвэрийг прокурор гаргана. Талийгаач өөрөө галт тэрэгний хөдөлгөөн зэргийг мэддэг хүн атлаа яагаад хориотой бүсэд явж байсныг мэдэхгүй. Осол түүний албан үүрэгтэй холбоогүй” гэв. Мөн өнгөрсөн ням гаригт Номт өртөөний дарга согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад амиа алджээ.
Г.ЦЭЦЭГ