Нийслэлийн ИТХ, ЗДТГ, Нийслэлийн ахмадын хороо хамтарч нийслэлийн тэргүүний өрх шалгаруулж өчигдөр хүндэтгэл үзүүллээ. 1995 оноос хойш 20 жилийн хугацаанд уламжлал болгон зохион байгуулж ирсэн уг шалгаруулалтаар нийт 125 гэр бүл нийслэлийн тэргүүнээр тодорсон аж.
Энэ жил Б.Сүхээ, В.Рагчаасүрэн, Б.Хосбагана, Б.Үйтүмэн, Д.Зэдбазар, Б.Хүрэл, Х.Хүрэлбаатар, Р.Цогоо, Б.Мандалын гэр бүл хувийн аж ахуйг хөгжүүлэхийн зэрэгцээ улс орны эдийн засаг, өнгө үзэмжид үнэтэй хувь нэмэр оруулсан тул уг цол тэмдгээр шагнууллаа.
Нийслэлийн ахмадын хорооны дарга Р.Банзрагч “Нийслэлийн тэргүүний өрх болохын тулд эхлээд хороо, дүүргийн тэргүүн байх шаардлагатай. Үүний дараа нийслэлийн ИТХ, ЗДТГ, Нийслэлийн ахмадын хороо тусгай баг бүрдүүлж шалгалт явуулдаг. Маш том давааг давах ёстой гэсэн үг юм.

Гэр бүлээ асран хамгаалахаас гадна өрхийн орлогоо нэмэгдүүлж, бусад хүнд ажлын байр олгох, үндэсний үйлдвэрт хөрөнгө оруулах, байгаль орчинд ээлтэй хандах гэх мэт олон шалгуур тавьдаг” гэв. Нийслэлийн тэргүүний өрхөөр шалгарсан В.Рагчаасүрэн “Би оёдолчин мэргэжилтэй. Гурван үе дамжсан өрхийн үйлдвэрийг өргөжүүлэн, үр хүүхэд, ач зээдээ өвлүүлэн, зааж сургаж байна.
Бичил бизнес эрхлэгчийн хувьд, мөн бусад гэр бүлд туслах зорилгоор хэдэн хүнийг байнга авч ажиллуулдаг. Манай үйлдвэр гар урлал, үндэсний хувцас, монгол гутал, төрөл бүрийн савхин эдлэл хийдэг. Улсад 39 жил ажиллаж, өрх гэрийн амьжиргааг дээшлүүлэхээр өнөөг хүртэл зүтгэсний минь үр шим энэ юм болов уу” гэлээ.
Х.Хүрэлбаатар, түүний гэргий “40 жил улсын байгууллагад ажилласан. Тэтгэвэрт суух цаг минь болсон тул 2000 оноос хойш өрхийн аж ахуйгаа өргөжүүлэхээр ажиллаж байна. Манай гэр бүл “ногоон хөгжил” уриан доор олон мод, бут, сөөг, жимс жимсгэнэ тариалдаг.
Түүнчлэн хүнсний, нарийн ногоо тарьж өрхийн орлогоо нэмэгдүүлдэг. Энэ жил тэргүүний гэр бүл болсондоо баяртай байна” гэлээ.
А.ТҮМЭННОМИН