Сүүлийн жилүүдэд явган хүний зам дээр барилга барьж, хашаа хаалт хийх нь хэрээс хэтэрсэн асуудал болжээ. Холбогдох байгууллагууд нь ч хянаж чадахаа байсан гэхэд хилсдэхгүй биз. Нийтийн эдэлбэр газрыг чөлөөлөх ажил үе үе явагддаг ч үр дүнд хүрсэн нь цөөхөн. Хамгийн сүүлд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд А/241 тоот захирамж гаргасан.
Захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүйгээр ашиглаж буй нийтийн эдэлбэр газрыг 2015 оны тавдугаар сард багтаан чөлөөлөх ажил зохион байгуулах, чөлөөлөгдсөн газрыг тохижуулах арга хэмжээ авч ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар, Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж нарт үүрэг болгосон билээ.
Гэтэл товлосон хугацаа дуусахад нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байх найман нэрийн жижиг дэлгүүр л нэг сарын хугацаандаа багтаан үлгэр жишээчээр нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ. Уг нь нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар 903 аж ахуйн нэгжийг зөвшөөрөлгүй газар эзэмшиж буйг тогтоон дүүргийн Засаг дарга нарт мэдэгдсэн.
Тодруулбал, Баянголд 189, Баянзүрхэд 123, Сүхбаатарт 174, Сонгинохайрханд 322, Хан-Уулд 51, Чингэлтэй дүүрэгт хоёр, Налайхад дөрвөн байгууллага, аж ахуйн нэгж дур мэдэн нийтийн эдэлбэр газар буюу явган хүний замыг хааж барилга байгууламжаа өргөтгөж барьсан, хаалт, хашаа хийснийг буулгаж, газрыг нь тохижуулахыг үүрэг болгожээ.
Гэтэл өнөөдрийн байдлаар ердөө 135 аж ахуйн нэгж газраа чөлөөлсөн байх юм. Гэхдээ бас асуудалтай. Учир нь анх нийслэлийн Засаг дарга А/71 тоот захирамж гаргаж байсан. Энэ нь нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан ТҮЦ- үүдийг буулган, газрыг нь чөлөөлөх тухай байжээ. Гэтэл энэ захирамж бараг биелээгүй. Тэгэсхийгээд өнгөрсөн. Гэтэл А/241 тоот захирамж гарахад нөгөө ТҮЦ-үүд газраа чөлөөлсөн байна.
Жишээлбэл, Баянзүрх дүүрэгт газраа чөлөөлсөн байгууллага гэх жагсаалт Ерөнхий төлөвлөгөөний газарт ирэхэд ихэнх нь буюу 45 ТҮЦ-ийн газрыг чөлөөлсөн гэх мэдээ иржээ. Нийтийн эдэлбэр газрыг чөлөөлж байгаа нь зөв ч өмнөх захирамжаар хийх ёстой байсан ажлаа одоо хийгээд байгаа нь учир дутагдалтай юм. Түүнээс гадна энэ хоёр захирамж хоёулаа газар чөлөөлөх зорилготой боловч утга нь өөр.
Нэг нь огт зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг буулгах, нөгөө нь явган хүний зам талбайг хааж барилгаа өргөтгөсөн байгууллагын орц, гарцыг цэгцлэх тухай юм. Сүүлд гаргасан А/241 тоот захирамжийг тэгэхээр томоохон албан байгууллагууд бус жижиг ТҮЦ, дэлгүүр, уушийн газрууд л биелүүлж байгаа нь харагдаж байна.
Тухайлбал, “Туушин” зочид буудал, “Метро молл” их дэлгүүр, МУИС-ийн төв байрны замын эсрэг талын “Ганнам” солонгос хоолны газар, Урт цагаанд байрлалтай “Бродвэй” сүлжээ ресторан зэрэг томоохон үйлчилгээний газрууд явган хүний зам хааж барилга барих, хашаа босгохоос гадна шатаа сунгасан.
Тэр дундаа Сүхбаатар дүүрэгт байрлах “Метро молл” дэлгүүр явган хүний зам дээр хаалт хийгээд тэндээ төлбөртэй зогсоол ажиллуулж байна. Бидний аюулгүй зорчих газрыг тэд хааж аваад ашиг олоод байна гэсэн үг. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар тус дэлгүүр зөвхөн өөрийн эзэмшлийн газар дээрээ машин тавиулаад мөнгө авч байвал хамаагүй. Гэтэл авто замд тулган хааж байгаад зогсоол ажиллуулж байгаа нь хууль зөрчсөн асуудал гэнэ.
Мөн Сүхбаатар дүүрэгт байрлах “Ривер саундс” уушийн газар явган хүний замыг тэр чигээр нь “булаасан”. Энэ мэт олон газар иргэдийн эрх ашгийг зөрчиж, тэднийг авто замаар явж өөрсдийгөө эрсдэлд оруулахад хүргэдэг.
Эдгээр үйлчилгээний байгууллагад дүүргийн Засаг даргаар дамжуулан замаа засан, тохижуулах хугацаат үүрэг өгсөн хэдий ч одоо болтол нийслэлийн Засаг даргын захирамжийг биелүүлэх ямар ч ажил хийгээгүйг бид бэлхнээ харж байна.
Уг нь энэ оны тавдугаар сард багтаан нийтийн эдэлбэр газар буюу явган хүний замыг чөлөөлж дуусгах төлөвлөгөөтэй байлаа. Гэвч цаасан дээрх ажил бодит байдал дээр биеллээ олсонгүй. Зургадугаар сарын 1 гэхэд нийтийн эзэмшил газрыг чөлөөлж, аж ахуйн нэгж, байгууллагууд тохижилтын ажлаа эхлүүлэх ёстой байв.
Хэрэв энэ хугацаанд багтааж аж ахуйн нэгж, иргэд нийтийн эдэлбэр газрыг чөлөөлөхгүй бол нийслэлийн Өмчийн харилцааны газар албадан чөлөөлөх учиртай. Ингэхдээ барилга байгууламжийг нурааж, тухайн газрыг тохижуулах ажлын санхүүжилтийг хууль зөрчсөн байгууллагуудаас гаргуулна гэж захирамжид дурдсан.
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас газар чөлөөлөх зураглалыг нь гаргаад Өмчийн харилцааны газарт хүргүүлсэн. Хуулиараа дүүргийн Газрын харилцаа, Засаг дарга нар явган зам чөлөөлөх ажлыг гардан хийх учиртай гэнэ. Гэвч өнөөдөр нийтийн эдэлбэр газрыг чөлөөлөх ажлын явц ердөө 15 хувьтай явна. Тэгвэл энэ ажил яагаад урагшлахгүй байна вэ.
Энэ талаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Архитектур дизайны хэлтсийн мэргэжилтэн Ж.Өлзийхутаг “Бидний өгсөн судалгаагаар дүүргүүд аль аль байгууллагын газрыг чөлөөлсөн гэх мэдээгээ одоо болтол бүрэн гүйцэд өгөөгүй байна. Яг энэ ажлыг хийж эхэлснээс хойш манай байгууллагад хэд хэдэн удаа иргэдээс гомдол ирсэн.
“Явган хүний замаар явж байтал гэнэт нэг байгууллагын хаалга, шат, хашаа гараад ирдэг. Тойрч гарахын тулд зайлшгүй авто замаар явж байна” гэх гомдол. Ийм гомдол ирсэн хамгийн ойрын жишээг дурдахад, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутагт байрлах гар утасны худалдаа, үйлчилгээний төвийн өргөтгөл. Энэ өргөтгөл зөвшөөрөлгүй хэдий ч одоо болтол газраа чөлөөлөхгүй байна.
Ийм газар олон бий. Уг нь бид яаж шийдвэл зохих зураг төслийг нь хийгээд өгсөн. Ийм зургийг төлбөр төлж байж л хийлгүүлдэг юм. Ингэж бүх боломжийг нь бүрдүүлж өгөөд байхад ихэнх аж ахуйн нэгж газраа чөлөөлөхгүй байна. Энэ ажлыг гардан хийх ёстой хүн нь дүүргүүдийн Засаг дарга нар” гэж ярив.
Мөн энэхүү захирамжид дурдсанаар нийтийн эдэлбэр газрын ашиглалтад хяналт тавьж, илэрсэн зөрчлийг тухай бүрт нь арилгаж, зохих зөвшөөрөлгүй газар дээр барилга байгууламж барьсан эсвэл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн этгээдийн газрыг чөлөөлж, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулах, зөвшөөрөлгүй барилга байгууламжийг инженерийн дэд бүтцээр хангахыг зогсоох, зөвшөөрөлгүй барилга байгууламжийг инженерийн дэд бүтцээр хангасан албан тушаалтанд хариуцлага тооцохыг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл үүрэгдсэн.
Гэтэл ийм зөрчил гаргасан байгууллагууд засвар хийх мөнгө байхгүй гээд хөдлөхгүй байгаа гэнэ. Нэгэнт нийслэлийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа бол хууль дүрмэнд нь захирагдаж, хотын даргын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй гэдгийг тэд ойлгохгүй байгаа бололтой.
Холбогдох албаныхан ч явган зорчигчдод тээг болж байгаа барилга, байгууламжийг хуулийнхаа дагуу цэгцлэх цаг нь болсон буй за. “Гуйгаад өгөхгүй бол гуядаад авна” гэдэг шиг хэлж, сануулаад байхад том толгойлж байгаа байгууллагуудтай хатуухан л ярих хэрэгтэй.
Х.ЖАРГАЛ