Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хуш модны самар энэ жил хэр ургасныг судлаад, нэг га талбайгаас дунджаар 580 кг цэвэр самар гарна гэж тооцжээ. Энэ нь самар их ургасан гэсэн үг. Сумдаас Бат-Өлзий хамгийн их хуштай агаад тэндхийн 3.242 га талбайн хушнаас 1.880.360 кг боргоцой түүх боломжтой гэнэ. Үүнийг цайруулбал 752.144 кг цэвэр самар гарах юм байна. Тус аймгийн ойгоос мэргэжлийн таван байгууллага үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүх гэрээтэй аж. Тэд 405 тн самар түүн, байгалийн нөөц ашигласны татварт 304 сая төгрөг төлжээ. Хууль бусаар самар түүлгэхгүй байх үүднээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Бат-Өлзий сумын ЗДТГ, Ойн анги, ойн мэргэжлийн байгууллагуудтай хамтран, “Орхоны эх” замын постоор дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслүүдийг шалгаж буй гэнэ. Одоогоор иргэн С 10 тонн самар илүү ачсанаас өөрөөр ноцтой зөрчил илрээгүй байгаа аж.