ХАХНХЯ Хүүхдийн эрхийн болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөл УИХ-д өргөн бариад буй. Үүнтэй холбоотойгоор олон нийтээс санал авах зорилгоор “Хүүхдийн эрхийн ногоон карт” аяныг өнгөрсөн зургадугаар сарын 11-нээс энэ сарын 25-нд орон даяар өрнүүлсэн юм. ХАХНХЯ, Хүүхдийн төлөө үндэсний газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн холбогдох албаны хүмүүс энэхүү аяныхаа үр дүнг өчигдөр олон нийтэд танилцууллаа.
Уг аянд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус, олон улсын байгууллага, халамж үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд, хууль хяналтын салбарын 2000 гаруй, нийгмийн ажилтан оролцсон байна. Дээрх хуулийн төсөлд иргэд, олон түмэн нийт 24478 санал ирүүлжээ. Үүнээс 8635 нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн төсөлд, 15843 нь Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөлд нэмэр болох санал, хүсэлт байжээ. Эдгээр саналыг холбогдох албаны мэргэжилтнүүд багцлахад, хүүхдийн эрхийн байгууллагуудын салбар дундын уялдааг сайжруулах, байгууллага, ажилтнуудын эрх, үүргийг тодорхойлох, хүүхэд хамгааллын үйлчилгээний тогтолцоо, санхүүжилтийг оновчтой болгох, олон нийтийн оролцоог бүхий л талаар нэмэгдүүлэх шаардлагатайг онцолсон байна. Дэвшүүлсэн эдгээр саналыг УИХ дахь ажлын хэсгийн ахлагчид хүргүүлж, олон нийтийн санаа бодлыг хуульд тусгах аж.