Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, Францын стандарт, баталгаажуулалтын байгууллага болох AFNOR манай Стандартчилал, хэмжил зүйн газар (СХЗГ)-т хөндлөнгийн аудит хийсэн байна. Манайхны олон улсын стандарт нэвтрүүлсэн байдал, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн баталгаа, байгууллагын чадавх, чанар зэрэг нь олон улсад өндөрт тооцогдохоор байсан тул AFNOR-ын ерөнхий захирал Франк Лебегл AFAQ ISO:9001 шаардлага хангасан гэж үзээд СХЗГ-ын дарга Г.Гантөмөрт гэрчилгээ гардуулжээ. Г.Гантөмөр дарга Францад очиж хоёр улсын хооронд шинэ норм, стандарт нэвтрүүлэх, мэдээлэл солилцох, боловсон хүчин сургах, бэлтгэх, туршлага судлах асуудлаар хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурсан юм. Энэ үеэр гэрчилгээгээ авсан аж.
Ийнхүү СХЗГ нь төрийн байгууллагаас анх удаа уг стандартыг нэвтрүүлж, хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд чиглэсэн чанар, бүтэц, зохион байгуулалтад орлоо. Уг стандартыг дэлхийн шилдэг гэгддэг нэг сая орчим байгууллагад олгосон байдаг аж. Энэ нь манай улсын нийгэм, эдийн засаг, аж үйлдвэр, худалдааны хөгжилд үзүүлэх стандартчилал, хэмжилзүйн нэр нөлөөг өсгөхийн хамт төр, хувийн хэвшил, хэрэглэгчийн хоорондын итгэлцлийг нэмэгдүүлж, хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал нөлөөтэй гэнэ.