Дэлхийн харвалтын байгууллагаас аравдугаар сарын 29-нийг харвалттай тэмцэх өдөр болгож, тус өвчинд олны анхаарлыг хандуулдаг уламжлалтай. Монгол Улс эл тэмцэлд нэгдээд долоон жил болж байна. Энэ жил дэлхий нийтээр “Би эмэгтэй хүн, бид харвалтад илүү нэрвэгдэж байна” уриан дор энэ өвчинтэй тэмцэж буй аж.
Харвасан өвчтөнүүдийн 60-70 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг ажээ. Жил бүр 15 сая, зургаан секунд тутамд нэг хүн уг өвчнөөр шаналж, хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг гэнэ. ДЭМБ-аас 2008 онд Монгол Улсыг цус харвалт, тархалт, эрсдэлт хүчин зүйлээр тэргүүлж байгаа орны тоонд оруулсан.
Монголын 100 мянган хүн тутмын 290 нь гэнэт харваж, түүнээс 49 нь нас барж байгаа аж. ЭМСЯ-ны халдварт бус өвчин хариуцсан ажилтан Т.Энхзаяа “Сүүлийн жилүүдэд харвалт гэх өвчин харьцангуй залуу хүмүүст тусдаг болсон. Тухайлбал, харвалтаас болоод Улсын III төв эмнэлэгт хэвтэж буй хамгийн залуу өвчтөн 19 настай.
Амьдралын зөв хэвшилтэй болж чадвал хүн бүр эрүүл байх боломжтой. Даралт ихсэх, зүрхний эмгэг, бөөр, чихрийн шижин, цусан дахь өөх ихдэх, судасны нарийсал, ханын үрэвсэл, жирэмсэлтээс хамгаалах эм тогтмол хэрэглэх, таргалах, хөдөлгөөний дутагдал, архи, тамхи хэтрүүлэх, стресс, өөх тос, давс, чихэр их хэрэглэх зэргээс шалтгаалж цус харвадаг.
Мөн хүн бүр цусны даралтаа шалгаж сурах шаардлагатай. Энэ нь маш том эрсдэлээс өөрийгөө хамгаалж буй хэрэг. Түүнчлэн хүмүүст энэ талын мэдлэг маш дутмаг байна. Дүүрэг, сум, хороо, баг бүрт харвалтаас сэргийлэх тусгай тасаг ажиллах ёстой.
Гэтэл Монгол Улс энэ стандартыг хангаж чадахгүй байгаа. Энэ сарын 29-нд Улсын I, III төв эмнэлэгт уг өвчний оношилгоо, шинжилгээ хийж, үнэгүй мэдээ мэдээлэл түгээх болно. Иймд та бүхэн ирж өргөнөөр үйлчлүүлнэ үү” гэв.
А.ТҮМЭННОМИН