Монголын оюутны холбооны одоогийн удирдлага МАН-ын захиалгаар ажил хийдэг, улстөржсөн байгууллага болсон гэж төрийн өмчит их сургуулийн хэсэг оюутнууд өчигдөр мэдээлэл хийхдээ хэллээ. Тэд МОХ-ны ерөнхийлөгч Д.Батбаяр тэргүүтэй удирдлагуудыг 64 мянган оюутанд учруулсан 700 гаруй сая төгрөгийн хохирлыг барагдуулахыг шаардсан юм.
Мөн оюутны холбоог оюутан биш хүмүүс удирдаж, эрх ашгийг нь зөрчиж байна хэмээн мэдэгдлээ.
Төрийн банкнаас төлбөргүй захиалж авдаг байсан нийтийн тээврээр үнэгүй зорчих хөнгөлөлтийн картын захиалгыг МОХ-ны ерөнхийлөгч асан Д.Батбаяр 64 мянган оюутан тус бүрээс 8900 төгрөг дур мэдэн хураан авч хувьдаа завшсан.
Түүнчлэн оюутнуудаас картан дээр нь цээж зураг наах мөнгө гэж 2300 төгрөгийг нэмж авдаг байсан аж. Гэтэл одоо болтол цээж зурагтай карт авсан оюутан нэг ч байхгүй гэнэ. Энэ мэт ашиг сонирхлын зөрчилтэй алдаагаа нуун далдлахын тулд өөрийн хүсэлтээр ажлаа өгнө, оюутнуудаа хуралдуулна гэж мэдэгдсэн байна.
Гэвч ямар ч зарлал тараагаагүй, бусад сургуульд квот өгөлгүйгээр ээлжит бус хурал нууцаар хийсэн гэж тэд ярилаа.
ШУТИС-ийн оюутны зөвлөлийн дарга А.Төгсбаяр “Саяхан Д.Батбаяр нарын удирдлагууд оюутнуудын эрх ашгийг хамгаална гэж жагсаал хийж, өлсгөлөн зарлаж байсан ч тэдний ард нэг ч оюутан байгаагүй.
Оюутны нэр барьж улстөрждөг, МАН-ын харьяалалтай хэсэг хүний ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагааг одоо бид таслан зогсоох болно. Бидэнд ямар ч хамгаалалт, нам байхгүй. Оюутан оюутныхаа төлөө дуу хоолойгоо нэгтгэж байна” гэв.
Х.АЗЖАРГАЛ