“Эрдэнэс Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлээс өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнээс дараах тодруулгыг авлаа.
-“Эрдэнэс Тавантолгой” компани зарим ажилчнаа цомхтгохоор болсон гэлээ. Компанийн удирдлагууд хэдэн хүн хална гэж мэдэгдсэн бэ?
-Манай компани нийт 610 ажиллагсадтай. Өмнө нь Цанхийн зүүн уурхайд ажиллаж байсан 200 гаруй ажилчныг “TT JV Co” компанид шилжүүлэхээр болсон. Одоо 200 ажилчин цомхтгоно гэж байгаа. Ингээд үндсэндээ “Эрдэнэс Тавантолгой” гэдэг төрийн өмчит, иргэн бүр хувьцааг нь эзэмшдэг энэ компани цаасан дээр л үлдэж байна.
-Компанийн удирдлагууд үүнийгээ хэрхэн тайлбарлаж байгаа вэ?
-Одоогоор тайлбар хийгээгүй байна.
-“Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийг хэн санхүүжүүлж байна вэ?
-Бид ажлын байраа хадгалж авч үлдэхийн тулд үйл ажиллагаагаа өөрсдөө санхүүжүүлж байгаа. Манай компанийн ажилчид хагас сар ажиллаад, хагас сарын хугацаанд амардаг. Тиймээс амарч байх хугацаандаа өөрсдийнхөө төлөө жагсаж байна.
-Та бүхэн энэ асуудлаараа Монголын үйлдвэрчний эвлэлүүд холбоонд хандсан уу?
-“Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэл бие даасан үйл ажиллагаа явуулдаг. Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны үйл ажиллагааг бид шүүмжилж, өөрчлөлт хийх зорилготой.
-Зах зээл муу байгаа үед ажилчдаа өөр компанид шилжүүлээд ч болов ажилтай байлгаж буй нь буруу гэж үү?
-Манай компанийн удирдлагууд энэ асуудлыг бие даан шийдээгүй. “Эрдэнэс МГЛ” компанийн захирал Б.Бямбасайханы өгсөн чиглэлийн дагуу ийм шийдвэр гаргасан гэсэн. Энэ нь ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын “Эрдэнэс Тавантолгой” компанийг цогцоор нь хөгжүүлэх нэрээр бүхлээр нь булааж авах бодлогын илрэл гэж ойлгож байгаа.
Тиймээс бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон уг асуудалд анхаарал хандуулах ёстой албан тушаалтнуудад санал хүсэлтээ хүргүүлсэн. Компани өөрийнхөө өмчийг өрөөлд шилжүүлэх нь байдаг л зүйл. Харин бидний саналыг сонсолгүй, өөр компани руу боол мэт “зарж” буйг эсэргүүцэж байна.
Монгол ажилчдаа шилжүүлэхийн оронд “Эрдэнэс Тавантолгой” компаниа хөл дээр нь босгоход анхаарах хэрэгтэй.
Н.САНЖАА