Нийслэлчүүд эх орныхоо номин хөх тэнгэрт тугаа мандууллаа. Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 376 жилийн ой өнөөдөр тохиож буйтай холбогдуулан нийслэлийн туг мандуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа Чингисийн талбайд болж өнгөрсөн нь энэ. Тус ажиллагааны үеэр 2014 оны Монгол цэргийн жавхаа наадмын шилдэг оролцогчид болох Улаанбаатар цэргийн хүрээний анги нэгтгэлийн төлөөллүүд жигдрэн жагссан байлаа.

Тодруулбал, нийслэлийн төрсөн өдрийг тохиолдуулан Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэдэл алтан соёмбот төрийн далбаа, Нийслэлийн тугийг Улаанбаатар цэргийн хүрээний хүндэт харуулууд эх орныхоо тэнгэрт мандуулсан юм.
Энэ үеэр Монгол Улсын төрийн сүлд дууг хөгжмийн ерөнхий удирдаач хурандаа Гансүхийн удирдлага дор Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын найрал дуучид эгшиглүүллээ.

Төрсөн өдрөө тэмдэглэж буй нийслэл маань жилээс жилд өнгө нэмсээр байна. Э.Бат-Үүл захирагчтай шинэчлэлийн багийнхан гурван жилийн хугацаанд олон ажлыг хийжээ. Энэ хугацаанд 100.93 км авто замыг шинээр ашиглалтад оруулж, нийслэлийн автомашины түгжрэл, осол аваарыг тодорхой хувиар бууруулаад буй. Юм үүгээр зогсохгүй. Нөхөөс тавихаас хэтэрдэггүй байсан авто замууд олон улсын жишигт ойртож, зарим гүйцэтгэгч компани барьсан авто замдаа 60 жилийн баталгаа өгч байгааг дуулгахад таатай байна. Үүнээс гадна нийтийн тээврийн салбарт хувьсгал хийж чадсан. БНСУ-ын нийслэл Сөүл хотын 12 жилийн хугацаанд бий болгож чадсан системийг төгс биш ч гуравхан сарын дотор амжуулж нэлээд амжилттай яваа. Мөн гэр хорооллыг орон сууцжуулах ажил, далан барих ажил, шинэ нүхэн гарцуудыг ашиглалтад оруулж, хотын төвөөс алдслагдсан сургуулиудын сурагчдын аюулгүй байдлыг хангаж сургуулийн автобустай болгосон гээд бүтээн байгуулалтын их ажил өрнөжээ.

Монгол Улс маань цэцэглэн хөгжих болтугай, эх орны маань тархи болсон нийслэл Улаанбаатар хот мандан бадрах болтугай.

