Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг өнгөрсөн 23-нд өргөн барьсан. Хөрөнгө оруулагч талтай өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд хэлэлцээ хийснийг “Ил тод уул уурхай” хурлын үеэр салбарын сайд Р.Жигжид дуулгалаа. Гацууртын алтны үндсэн ордын төрийн хувийг Ашигт малтмалын хуульд заасан дээд хэмжээ болох 34 гэж тохирчээ. Мөн энэхүү хувьтай дүйх хэмжээний ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг оронд нь авч, гурван хувь байхаар тохирсон аж. Ингэснээр ордын 34 хувийг эзэмшихээс илүү ашигтай төдийгүй эрсдэл бага байна хэмээн Уул уурхайн сайд ярилаа. Алтны үнийн хэлбэлзлээс хамаарч дээрх гурван хувь өөрчлөгдөж болох агаад үүнийг Засгийн газраас зөвшөөрсний дагуу шийдвэрлэх гэнэ. Бас анхны санхүүжилтийн дээд хэмжээ 350 сая ам.доллар байсныг 230 сая болгон бууруулж чадсан гэв. Тус ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг УИХ хэлэлцэн шийдэх учиртай.
Энэ онд 16 аж ахуйн нэгж А-80 автобензиний 8155, АИ-92 автобензиний 21.505, дизелийн түлшний 50.030, ТС-1 онгоцны түлшний 3660 тонн нөөцтэй байх үүрэг хүлээн Засгийн газрын тогтоолд заасны дагуу нийт 83.350 тонноос доошгүй хэмжээнд барьж ажиллаж буй аж. Р.Жигжид “Монгол Улс жилд нэг сая тонн түүхий нефть олборлодог ч түүнийгээ боловсруулдаг болж хараахан чадаагүй. Газрын тосны үнэ буурсан үед татвараар улсын төсвийн орлогыг нэмэгдүүлж, эргээд иргэдэд төсвөөр хуваарилж тараах зарчмаар ажиллаж байгаа. Энэ онд улсын онцгой татварыг нэмэгдүүлснээр 252 тэрбум орчим тэрбум төгрөгийг төсөвт оруулахаар тооцсон. Үүнийг УИХ шийдсэн, мөрдөж ажиллахаас өөр аргагүй. Өчигдөр (уржигдар) УИХ төсвийн тодотгол хийгээд зарим өөрчлөлт хийж байгаа. Гаалийн татварт ялигүй өөрчлөлт орно. Гол нь онцгой татварыг ялгавартай тогтоох боломж бүрдүүлж байгаа. Ингэснээр алслагдсан аймгуудын газрын тосны жижиглэнгийн үнийг бууруулах боломж нээгдэж байна гэж харж болно” гэв. Мөн тэрбээр “Аж ахуйн нэгжүүд, том хэрэглэгчид агуулахаас газрын тосыг бөөнөөр нь авдаг. Бөөний үнийг литр тутамд нь 300 орчим төгрөгөөр бууруулж чадсан. Энэ нь аж ахуйн нэгжүүдээ дэмжиж буй нэг хэлбэр” хэмээн ярьсан юм. Түүнчлэн Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн “Газрын тосны үнэ буурах хандлагатай гэсэн буруу мэдээлэл цацагдаж байгаа. Сүүлийн хоёр сард нэг баррель газрын тосны үнэ 47-50 ам.долларын хооронд хэлбэлзсэн. Зарим үед үүнээс ч дээшилж байгаа. Ирэх жилийн үнийн төлөвийг бид маш их анхаарч байна. Шинжээчид үнэ буурна гэж таамаглахгүй байгаа. Хүчин зүйлсийг харгалзан үзээд газрын тосны үнийг тогтвортой байлгах нь зөв гэсэн чиглэлийг барьж байгаа. Онцгой албан татварыг нэмчихээр орлогын нэг хэсэг нь төсөвт орж байна. Ер нь цаашид сан байгуулахаар төлөвлөсөн. Сангаасаа улсын түлш, шатахууны хангамжтай холбоотой нөөц бүрдүүлэх ажил хийнэ. Магадгүй газрын тосны үнэ өсөхөд жижиглэнгийн үнийн өөрчлөлтийг тэр нөөцөөсөө зохицуулна. Урьд нь ч зохицуулж ирсэн. Түүнээс төсөвт оруулаад онгорхой цоорхойгоо нөхөөд байгаа хэрэг биш” хэмээн өгүүлсэн. Түүнчлэн тэрбээр “Газрын тосны нийлүүлэлтийг найдвартай болгосон. Зах зээлийн үнээр тооцож бүтээгдэхүүн авдаг болсон. Манай улс жилд шатахуун худалдан авахад 1.5 тэрбум орчим ам.доллар зарцуулдаг байсан. Энэ жил газрын тосны үнэ буурсан, зах зээлийн өөрчлөлт зэргээс шалтгаалан 750 орчим сая ам.доллар зарцуулах болов уу гэсэн хүлээлттэй байна” гэлээ. 2015 оны эхний есөн сарын байдлаар Ашигт малтмалын газар 33.1, Газрын тосны газар 132.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд буй дүн гарсан байна. Өнгөрсөн мягмар гаригийн байдлаар улсын хэмжээнд ердийн хэрэглээний 46 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байжээ.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Батбилэг “Нүүрсний олборлолтоо түр зогсоосон. Энэ нь нүүрсний нөөцийн хэмжээ хангалттай түвшинд байгаатай холбоотой. Мөн Баруун Цанхид үйл ажиллагаа явуулах компанийн сонгон шалгаруулалтад тодорхой хугацаа орно” гэв. Ирэх арванхоёрдугаар сард багтаан хоёр уурхайд олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэхээр ажиллаж буй гэдгийг тэрбээр дуулгалаа. Одоогоор тус компани 2.5 орчим сая тонн нүүрсний нөөцтэй байгаа бөгөөд борлуулалт хэвийн үргэлжилж буй аж.
Ц.Болормаа