Нийслэлчүүд баяраа өргөн дэлгэр тэмдэглэж байна. “Их хотын хямдрал” үзэсгэлэн худалдаагаар эхэлсэн өнөөдрийн арга хэмжээ 2000 гаруй хүнтэй парадаар үргэлжиллээ. Тодруулбал, Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 376 жилийн ойд зориулж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Номин холдинг” компанитай хамтран 2000 орчим хүн, 60 гаран машин техникийн бүрэлдэхүүнтэй томоохон хэмжээний парадыг зохион байгуулсан юм.


Улсын их дэлгүүр – Цэцэг төв – Анкарагийн гудамж – Чингисийн талбай гэсэн маршрутаар явсан тус парадад СУИС-ийн салбар сургууль бүрээс 200 оюутан парад алхаж, флаш моб, цамын бүжиг бүжиглэж, циркийн сонирхолтой үзүүлбэрүүд, үлгэрийн баатруудын дүрд хувилж, 12 жилийн амьтныг дүрслэн үзүүлснээрээ нийслэлчүүдийн сэтгэлийг баясгаж байлаа. Мөн парадын үеэр “Номин холдинг” компанийн харилцагч түнш байгууллагууд бараа бүтээгдэхүүний дүрд хувирч, өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчилж, төрөл бүрийн амталгаатай, урамшуулалтай, бэлэгтэй худалдаануудыг зохион байгуулсан юм.

Энэхүү парадын талаар Нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлээс тодрууллаа.
-Нийслэлийн 376 жилийн ойн баярын мэнд хүргэе. Их өргөн цар хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ талаарх сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Нийслэлчүүддээ баярын мэнд хүргэе. Улаанбаатар хотын гудамжинд баярын парад болж байна. Энэ бол иргэдэд үйлчилдэг, захиргааны байгууллагад ажилладаг ажилчдын хувьд их чухал үйл явдал юм. Мөн иргэд маань хоорондын харилцаагаа сайжруулж, харилцан ойлголцож, баяраа хамтдаа хуваалцана гэдэгт итгэлтэй байна.

-Энэ жилийн хувьд “Номин холдинг” компанитай хамтран ажиллаж байна. Ер нь Нийслэл аж ахуйн нэгжүүдтэйгээ хэрхэн уялдаж ажилладаг вэ?
-Хотын зүгээс олон нийтийг хамарсан томоохон арга хэмжээг илүү өргөн цар хүрээтэй болгохын тулд аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтарч ажилладаг. Өнгөрсөн жилийн парадын дараа “Номин холдинг” компани нийгмийн хариуцлагаа дагаад 376 жилийн ойн парадыг зохион байгуулья гэсэн санал тавьсанд бид туйлын баяртай байгаа. Түүнчлэн аж ахуйн нэгжүүд маань маркетингийн хэрэгслийн хүрээнд нийслэлтэй хамтран олон арга хэмжээнүүдийг зохион байгуулвал хот маань өнгөлөг гэгээлэг, Зүүн хойд Азийн бизнес аялал жуулчлалын зангилаа төв болно гэдэг утгаараа маш их ач холбогдолтой болох юм.

Түүнчлэн парадад оролцсон оюутнуудын сэтгэгдлийг сонссон юм.
СУИС-ын Бүжгийн сургуулийн ангийн оюутан Б.Заяахүү – Бид сургуулиараа Нийслэлийн 376 жилийн ойн баярын парадад оролцож, флаш мод бүжиглэсэндээ маш их баяртай байна. Үүгээрээ нийслэлчүүддээ инээд хөөр бэлэглэж, бага ч болов зугаацуулж чадсан байх гэж бодож байна.

СУИС-ийн Радио, дээд сургуулийн оюутан Б.Зулцацрал – СУИС-ийн салбар сургууль бүрээс 200 оюутан оролцож байгаа. Флаш моб бүжиглэсэн оюутнуудыг цаанаас нь томилсон бол парадад алхаж байгаа оюутнууд сайн дураараа бидэнтэй нэгдэж байгаа. Дашрамд хэлэхэд, нийслэлчүүддээ баярын мэнд хүргэе.







