Нийслэлийн ИТХ-ын 2009 оны 63 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу албан байгууллага, ард иргэд, аж ахуйн нэгжүүд орчин тойрныхоо 50 метр доторх газрынхаа цас, мөсийг цэвэрлэдэг. Уг журмыг аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн эзэмшлийн талбайгаас гадна нийтийн эзэмшилд багтах 50 метр хүртэлх нутаг дэвсгэрийн хог хаягдал, цас, мөсийг цэвэрлэж байхаар болгов. Мөн тухайн байгууллагын буруугаас иргэд хохирсон бол зардлыг нь нөхөн олгуулах нь. Үүнийг мөрдөөгүй аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших эрхийг цуцалж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох зэрэг арга хэмжээ авахаар болов. Журмын биелэлт, хэрэгжилтэд дүүргүүдийн Мэргэжлийн хяналт хэлтсийн байцаагчид хяналт тавина гэж дээрх журамд тусгажээ.
Мөн дэлгүүр, баар цэнгээний газрууд ойр орчныхоо цас, мөсийг цэвэрлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь хураах, хаах хүртэл арга хэмжээ авах юм байна. Хэрвээ та аль нэг албан байгууллагын эзэмшлийн газрын цас, мөстэй зам, талбайд хальтирч унавал МХЕГ болон тухайн дүүргийн Засаг даргад өргөдөл гаргаж, хохирлоо барагдуулаарай. Иргэдийн гомдлыг хүлээж авахгүй, хайхрамжгүй хандаж буй албан тушаалтанд мөн хариуцлага тооцох аж.