Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар “Хорт хавдар үүсгэдэг 2.7 тонн асбест гэх бодисыг битүүмжиллээ” хэмээн сүржигнэв. Угтаа асбест нь бидний олон жилийн өмнөөс хэрэглэж ирсэн шилэн хөвөн юм. Манай улсад Хятадын зах зээл нээгдэхээс өмнө бид үүнийг ОХУ-аас авч, барилгын дулаалга, цахилгаан тусгаарлагч гэх мэт зориулалтаар хэрэглэж ирсэн.
Дээхнэ үед оросуудын барьсан байр бүрт шилэн хөвөн бий. Түүнд хүрэхээр бие маш их загатнадаг, хүйтэн усаар угаахаар загатнах нь больдог гээд шилэн хөвөнтэй бид хэдийнэ танилцчихсан. Гэтэл тус газрынхан “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн XI, XII хороо Зуун айл дахь барилгын материалын худалдааны төвүүдэд тав болон 25 кг-аар савласан нунтаг асбест зарж байсан нь шалгалтаар тогтоогдсон.
Тодруулбал, “Дөмөли” ХХК, “Жи Ди Эйч” ХХК, “Хурд”, “Санчир” зэрэг аж ахуйн нэгж асбест болон түүнийг агуулсан бүтээгдэхүүн худалдаж байсан. Тус бодисыг зөвшөөрөлгүйгээр ОХУ болон БНХАУ-аас оруулж иржээ. Бид хоёр төрлийн асбестан хавтан, 100 гаруй боодол торон, хоёр боодол олсон асбест гэх мэт 2.7 тонн барааг битүүмжиллээ” гэж ярив.
Шилэн хөвөн нь байгалийн гаралтай бодис хэдий ч уушгинд сөрөг нөлөө үзүүлдэг, хорт хавдар үүсгэхэд нөлөөлдөг учраас ихэнх улсууд хэрэглэхээ больсон юм. “Эрдэнэт” үйлдвэр шилэн хөвөнг хэрэглэх зайлшгүй шаардлагатай учраас Байгаль орчны яамнаас тус үйлдвэрт л импортлох зөвшөөрөл өгсөн байдаг.
Ямартай шилэн хөвөнгөөр дулаалсан байранд амьдарч байгаагүй мэргэжлийн хяналтынхан “баатарлаг” шалгалтын дүнгээ өнөөдөр танилцуулах юм гэнэ.
Г.БАЯРЦЭЦЭГ