Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар энэ сарын 6-наас эхлэн авто худалдаа эрхлэгчдийг шалгаж байна. Одоогоор 33 иргэн, аж ахуйн нэгжийг шалгаж, ил задгай газарт авто худалдаа эрхлэхээ зогсоох шаардлага тавьжээ.
Тэднээс ес нь машин худалдахаа зогсоогоод буй аж. Мөн битүү байгууламжид худалдаа эрхэлж байгаа хоёр аж ахуйн нэгж, байгууллага гаднах зогсоол дээрээ машин зарахаа больжээ. Улаанбаатар хотод нийт 101 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага авто машины худалдаа эрхэлж байгаагаас 68 нь нийтийн эзэмшлийн зам талбай, ил зогсоол, зориулалтын бус газарт машин зарж байгаа юм.
Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, дүүргүүдийн Цагдаагийн хэлтсүүд тэдэнд хариуцлага тооцон, газар чөлөөлж эхэлжээ.
Энэ ажлыг нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны “Авто цогцолборыг барьж байгуулах зарим арга хэмжээний тухай” 29 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын 2013 оны “Техникийн захуудын талаар авах зарим арга хэмжээний тухай” А/980 дугаар захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор хийж буй юм.
Б.БАЙГАЛ