Хувийн компанийн барилга хурдан босдог, харин төрийн хөрөнгөөр барьж буй нь хэдэн жил дамжин сунжирдаг. Богдхан уулын өвөр дэх “Асем вилла” хотхоныг барьж буй хурдаараа манайхан сургууль, цэцэрлэг барьдаг байсан бол өдгөө “Хүүхдээ хаана хүмүүжүүлэх вэ” гэж улиг болтол ярихгүйсэн.
Ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул үйл ажиллагааг нь зогсоосон сургууль, цэцэрлэг нийслэлд зургаа байлаа. Түүнээс эхний ээлжинд III сургуулийг шинээр барьж, ашиглалтад оруулсан нь энэ ажлыг хэрэгжүүлж болдог юм гэдгийг баталсан.
Гэхдээ тийм ч хурдан барьчихаагүй, гурван жил дамнасан юм. Үлдсэн 38, 73 зэрэг сургууль өдгөө шинээр барих төлөвлөгөө, зураг төслөөс өөр зүйлгүй, сурагчид нь өөр сургуульд хичээллэж байна. Хэзээ шинэ сургууль барьж, хэдийд ашиглалтад оруулах нь тодорхойгүй.
Хэдийнэ буулгачихсан, барилгын ажлыг нь эхэлсэн, бас ч үгүй удахгүй бариад дуусгачих болов уу гэж найдаж буй нэг сургууль нь XI. Гэтэл барилгын ажил нь бас л саатжээ. Уг нь гэрээ ёсоор аравдугаар сарын 30-нд хүлээлгэн өгөх ёстой байсан.
Гэхдээ тэр хугацаанд амжихгүй байсан учраас ирэх сард, сурагчид амрах үеэр бүрэн дуусгана гэж тус сургуулийнхан ярьж байв. Гэтэл дахиад хойшилжээ. Он гарахаас өмнө амжих, эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Хуучин барилгыг актлаад хоёр жил гаруй болж байгаа бөгөөд өнгөрсөн тавдугаар сард шинийг барьж эхэлсэн юм. XI сургуулийн 600 орчим сурагч өдгөө 31 дүгээр сургуульд хичээллэж буй. Гэтэл 31 дүгээр сургуулийнхан нь ч нэлээд хүндрэлтэй, эцэг, эхчүүд нь “Олон хүүхэд нэг ангид хичээллэж байна” гэж гомдол гаргах болсон сурагтай.
320 хүүхдийн багтаамжтай шинэ байрны төсөвт өртөг 3.4 тэрбум төгрөг. Ажил өдгөө 70 орчим хувьтай яваа юм байна. “Чойр хайрхан” гэдэг компани уг ажлыг гүйцэтгэж буй. Өдий хүртэл дулаанаа аваагүй, шугам сүлжээгээ угсарч суурилуулж дуусаагүйгээс ажил удааширчээ.
Ч.МӨНХЗУЛ