Улаанбаатар хот 376 жилийн ойн баяраа тэмдэглэж, баярын жагсаал, нэгдсэн тоглолт, хямдралтай худалдаагаар иргэддээ бэлэг барилаа. Өргөө нэртэйгээр 1649 онд ханаа дугуйлсан манай нийслэл Номын хүрээ, Их хүрээ, Нийслэл хүрээ нэртэй байгаад 1924 онд Улаанбаатар болжээ.
Нийслэлийнхээ шинэ нэрийг 14 жилийн дараа анхлан хүртсэн буурай бол Төмөрийн Улаанбаатар гуай. 77 настай энэ буурай Хан-Уул дүүрэгт аж төрж буй. Харин хотын маань хамгийн жаахан амидай нь Цасчихэрийн Улаанбаатар бөгөөд энэ жил дөрвөн нас хүрчээ. Улсын хэмжээнд Улаанбаатар гэдэг нэртэй 89 хүн бүртгэгдсэн байна. Өдгөө 78 нь энх тунх аж төрж байгаа бөгөөд, тэдний ес нь 16-гаас доош насныхан. 1970-аад онд хамгийн олон Улаанбаатар мэндэлсэн бөгөөд 23 хүн энэ алдрыг хүртжээ. Улаанбаатаруудын дийлэнх нь эрчүүд бол 12 нь охид гэнэ.
Дашрамд дуулгахад, монголд хамгийн түгээмэл нэрсийн тоонд Бат-Эрдэнэ, Алтанцэцэг, Отгонбаяр, Оюунчимэг, Батбаяр гэсэн нэр багтдаг бөгөөд 14540 Батбаяр байдаг аж.