“Бурхан таныг сэлбэггүйгээр бүтээсэн тул эд эрхтэнээ хайрла” гэж юутай үнэн үг болохыг хүмүүс энэ ертөнцөөс буцахдаа л ухаардаг юм шиг ээ. Магадгүй монголчууд үхэхээс, өвдөхөөс айдаггүй учраас өөртөө тийм хайнга ханддаг байх.
Зүрх, судасны эмгэг, төрөл бүрийн хавдар, харвалтаар нас барж буй хүмүүс өвчнөө эмчлүүлэхгүй тартагт нь тултал явчихаад эмчид ханддаг болохыг олон судалгаа харуулдаг. Өөрөөр хэлбэл, үхэхдээ л эмчээс аврал эрдэг гэсэн үг. Хэнэггүй гэхэд хэтэрсэн энэ зангаа засчихвал бид илүү олон жил амьдрах нь гарцаагүй.
Манайх эрүүл мэндийн үзүүлэлтээрээ дэлхийд гайхуулаад байх улс биш. Эрүүл мэндийн даатгалын “гажиг” тогтолцоо, эмнэлгүүдийнх нь өрсөлдөх чадвар, эмч нарын дадлага туршлага, хүн амын хайнга байдал зэрэг нь биднийг муу бүхнээр цоллуулах шалтгаан болж буйг амтай болгон ярьдаг ч үүний төлөө хэн, юу хийсэн юм бэ.
Хүн бүр эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг хэрнээ түүндээ тохирсон эмчилгээ, үйлчилгээ авч чаддаг билүү. Иргэний эрүүл мэндийн даатгалын шинэ хуулиар (өнгөрсөн долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн) даатгуулагчид янз бүрийн хөнгөлөлт, урамшуулал эдэлнэ гэх боловч монголчуудыг үхэлд хүргэж буй өвчнүүдийг эмчлээд өгчихөж чадахгүй байна.
Тиймээс ийм цөвүүн цагт амь амиа бодохоос өөр арга алга.
Таны бие организм хэдэн төгрөгийн үнэтэй болохыг мэдэх үү. АНУ-ын Йелийн их сургуулийн эрдэмтэд нэгэн сонирхолтой судалгаа гаргажээ. Тэд хүний эрүүл бие цогцос долоон тэрбум ам.долларын үнэд хүрэхийг тогтоосон байна.
“Харамсалтай нь хүмүүс хамгийн үнэтэй зүйлээ юу болохыг мэддэггүйгээс өөртөө хайнга ханддаг” гэж тус сургуулийн эрдэмтэд судалгааны тэмдэглэлдээ өгүүлжээ. Тэгэхээр бидний бие махбодь 13.3 их наяд төгрөгийн үнэтэй байх нь. Ийм өндөр өртөгтэй “эд хөрөнгөө” бид хайрлаж хамгаалж чадна. Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж дөнгөнө. Яаж гэж үү.
Гадаадын олон улсад хувийн эрүүл мэндийн даатгалын систем ноёлж байна. Хүмүүс байр, машин гээд үнэд хүрэх эд хөрөнгөө үрэгдэж хорогдох вий гэсэндээ даатгуулдаг шүү дээ. Яг үүнтэй адилаар хүн бүр хувийн эрүүл мэндийн даатгалтай болъё.
Тэртээ тэргүй улс биднийг “Мөнгөгүй бол үх” гээд хөсөр хаясан. Алийн болгон бусдын гар харж суух билээ. Машинаа жил бүр оношилгоонд оруулж, арчилж, торддог шигээ бүгдээрээ эрүүл мэнддээ ингэж санаа тавья. Нэг хаалга хаагдахад нөгөө нь үргэлж нээгддэг шиг.
Манай улсын даатгалын компаниуд сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд ихээхэн анхаарал хандуулах боллоо. Лавлабал, “Бодь”, “Номин”, “Гэр”, “Мандал”, “Монгол”, “Соёмбо”, “Тэнгэр” зэрэг даатгалын компани ийм үйлчилгээ нэвтрүүлжээ. Гайгүйхэн рестораны үдийн хоолны үнэд ч хүрэхгүй мөнгө сар бүр төлөөд маш олон хөнгөлөлт урамшуулал эдэлдэг юм байна.
Тухайлбал, “Бодь” ХХК гадаадад зорчигчийн эрүүл мэндийн, иргэдийн гэнэтийн ослын, олон улсын эрүүл мэндийн даатгалтай. Зорчигчийн эрүүл мэндийн даатгал нь аль ч улс оронд аялж яваа монгол иргэн-даатгуулагч өвдлөө гэхэд дэлхийн SOS эрүүл мэндийн байгууллагаас 24 цагаар тусламж, үйлчилгээ авах эрхтэй гэнэ.
Тэгвэл тус компанийнхан дэлхийд тэргүүлэгч АХА групптэй хамтран, өнгөрсөн дөрөвдүгээр сард олон улсын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ нэвтрүүлсэн байна. Хэрвээ энэ багцад даатгуулбал дотоодын “Улаанбаатар Сонгдо”, “Ачтан”, “Интермед”, гадаадад дэлхий даяар байрлах АХА группийн 250 гаруй сүлжээ эмнэлэг, 400 гаруй шинжилгээний төвөөс тусламж, үйлчилгээ авах эрхтэй болох юм байна.
Тэгвэл “Мандал”-ынхан саяхан “Жаргалан” эрүүл мэндийн даатгалын цогц үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүлсэн. Хэрэглэгч амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэх, жирэмслэлт, төрөлттэй холбоотой оношилгоо, эмчилгээ, эрхтэн шилжүүлэн суулгах зэрэг өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээг Монголын хувийн болон улсын, цаашлаад Азийн нэр хүндтэй томоохон эмнэлгүүдээс авах боломжтой болж буй юм.
Тодруулбал, иргэд голд, платиниум гэсэн хоёр багцаас сонгож, эрүүл мэндээ даатгуулах аж. Голд багц сонгосон иргэд сар бүр 40 гаруй мянган төгрөг төлөөд Улсын I, II, III төв эмнэлэг, ЭХЭМҮТ, төрөх эмнэлгүүд, “Грандмед”, “Интермед”, “Гурван гал”, “Ачтан”, “Баянгол”, “Мөнгөн гүүр” эмнэлгээс жилдээ 50 сая хүртэл төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авах юм байна.
Дундаж, түүнээс доогуур амьдралтай хүмүүсийн мөрөөдөөд ч үүдээр нь шагайж чаддаггүй эмнэлгүүд байгаа биз. Харин платиниум багцын даатгуулагчид сар бүр 100 гаруй мянган төгрөг төлөөд Тайландын “Бумрунград”, Азийн сүлжээ шилдэг найман эмнэлгээс 500 сая хүртэл төгрөгийн оношилгоо, эмчилгээ хийлгэх эрхтэй болно.
Даатгалын компаниуд “Интермед” эмнэлэгтэй гэрээтэй ажилладаг тул тус эмнэлгийн даатгал хариуцсан менежер Ж.Халиунаагаас хувийн эрүүл мэндийн даатгалын талаар зарим зүйлийг тодруулав.
-Танайх эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ нэвтрүүлсэн хэчнээн компанитай хамтран ажилладаг вэ. Танайхаар үйлчлүүлэгсдийн хэдэн хувь нь ийм даатгалтай байдаг юм бол?
-Манайх “Монгол”, “Мандал”, CIGNA, LAMP, HTH, “Geo Blue” зэрэг Монголын болон олон улсын даатгалын 10 гаруй компанитай эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж байна. Хэдийгээр манай эмнэлгээр үйлчлүүлэгсдийн дунд хувийн даатгалтай хүн цөөн ч цаашид нэмэгдэх хандлагатай байгаа.
Даатгалтай үйлчлүүлэгч манайхаас эмнэлгийн тусламж авах тохиолдолд бид даатгалын байгууллагатай холбогдон, тэднийхээс ирүүлсэн зөвшөөрлийн дагуу үйлчилдэг. Төлбөр тооцоотой асуудлыг тухайн даатгалын компанитай нь харилцаж шийддэг.
-Хувийн эрүүл мэндийн даатгалын ач холбогдол юу вэ?
-Хувийн даатгалтай иргэдэд хэд хэдэн давуу тал байдаг. Тухайлбал, үйлчлүүлэгч эмнэлгээ чөлөөтэй сонгон үйлчлүүлэх эрхтэй. Өндөр өртөгтэй компьютерт томографи зэрэг оношлогоо, шинжилгээ, эмчилгээ хийлгэхдээ маш бага төлбөр (даатгалын гэрээний нөхцөлөөс шалтгаалан төлбөрийн 20-30 хувийг төлөх) төлөх, эсвэл огт мөнгө төлөхгүй, гадаадын томоохон эмнэлгээс тусламж, үйлчилгээ авах боломжтой.
Манай нийгмийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоо ямар байгааг бүгд мэддэг. Саяхан хуулиа шинэчлэн баталсан ч иргэдэд учирч буй санхүүгийн асуудлыг бүрэн шийдэж чадаагүй. Нийгмийн эрүүл мэндийн даатгал нь хувь хүнд учрах санхүүгийн эрсдэлийг тодорхой хэмжээгээр хөнгөлж байгаа ч хязгаартай учраас иргэдэд хүнд байгаа.
-Монголчууд хувийн эрүүл мэндийн даатгалд яаж хандаж байна?
-Ийм даатгалын тогтолцоо бий болоход хувийн эмнэлгүүдийн хөгжил нөлөөлсөн. Шинэ ойлголт тул хүмүүс мэддэг болоод хэдхэн жил л болж байна. Даатгалын компаниуд эрүүл мэндийн даатгалын төрөл бүрийн бүтээгдэхүүнийг иргэдэд санал болгож, өөрсдөө ч эрсдэлээ гадаадын томоохон компаниудад давхар даатгадаг болж.
Ингэснээр хувийн даатгалтай иргэд олширч, компаниудын хооронд чөлөөт өрсөлдөөн бий болно гэж бодож байна. Цаашлаад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чухал түлхэц болох юм.
-Танайх нийгмийн эрүүл мэндийн даатгалаар иргэдэд үйлчилдэг үү?
-Одоогоор даатгалаар үйлчлэхгүй байгаа. Учир нь бид өнгөрсөн тавдугаар сард магадлан итгэмжлэгдсэн. Даатгалын сангийн 2015 оны төсөвт манай эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг тусгаж амжаагүй гэж хэлж болно. Ирэх оноос даатгалаар хэвтүүлэн эмчлэх чиглэлээр санхүүжилт авах боломжтой болсон гэж ярилаа.
Энэ мэтчлэн даатгалын компаниудад эрүүл мэндээ даатгуулах иргэдийн тоо нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ эд хөрөнгөө даатгуулагчдаас хамаагүй цөөн гэж даатгалын компаниудын төлөөлөл ярьжбайсан. Сүүлийн жилүүдэд даатгалын зах зээл хөгжиж байгаа ч хойш нь чангааж буй хэд хэдэн хүчин зүйл бий аж.
Үүний нэг нь иргэдийн даатгалын талаарх мэдлэг сул байгаа явдал. Хүн амын талаас илүү хувь нь жолоочийн хариуцлагын даатгалаас өөр даатгалд хамрагдаагүй, зарим нь даатгалын өөр үйлчилгээ байдгийг ч мэддэггүй юм байна.
Энэ төрлийн бизнес нь зөвхөн орлого олох биш, харилцагчид зориулсан хамгаалалт санал болгож, тэдэнд учрах эрсдэлийг бууруулдгийг ойлгох нь зүйтэй.
Анагаахын шинжлэх ухаан хөгжихийн хэрээр өвчний оношилгоо, шинжилгээний арга улам нарийсч, дэлхийд хүртэл ховор тохиолдох эмгэгүүдийг Монголд ч илрүүлдэг болсон. Дээрээс нь Монголд оношилж, эмчилж чадахгүй 30 гаруй өмчин эмгэг бий.
Эдгээр өвчин туссан, эрхтэн шилжүүлэн суулгуулахаар иргэд байдгаа баран гадаад улсыг зорьж буй. ЭМСЯ-нд гэхэд жилд гадаадад эмчлүүлэхээр мөнгөн тусламж хүссэн 300-600 хүн ханддаг гэнэ. Улсаас эдгээр хүнд зориулж 500 сая төгрөг төсөвлөдөг ч нэг хүнд 1-5 сая төгрөг гаргаж өгдөг юм билээ.
Харин дундаж амьдралтай хүмүүс нь байр, машин, газар гээд хөдлөх хөрөнгөө зарж борлуулах замаар эмчилгээний зардлаа олдог аж. Тиймээс ирээдүйн төлөө одооноос мөнгө хуримтлуулж, эрүүл мэндээ бодох хэрэгтэй.
О.БАТ-УНДРАХ