2015 оны аравдугаар сарын 29. 11.15 цаг.
Төрийн ордон. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхим.
Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг...
УИХ-ын дарга З.Энхболд: -Хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэх чиглэлээр Төв аймгийн Баянцагаан сумын соёлын төвийн барилгыг 2015 онд санхүүжүүлэх 462 сая төгрөгийг нэмж тусгах, эсэх асуудлаар асуулттай гишүүн байна уу. (11 гишүүн асуулт тавихаар товчлуур дарж, нэрс нь дэлгэц дээр харагдав)
Д.Хаянхярваа: -Үнэндээ үүнийг тодотголд тусгаад асуудал шийдэгдэхгүй шүү дээ, мөнгө байхгүй. Шинэ хөрөнгө оруулалт тусгахгүй, хуучнаа дуусгая гэж ярьж тохирсон байхад завсраар нь шургуулчих юм.
Ч.Хүрэлбаатар: -Ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг гишүүн ээ, энэ саналаа татаад авчих. Санал хураалгавал бүгд л дэмжчихнэ. Ийм байдлаар зардлыг арав орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлчихсэн байна шүү дээ.
З.Энхболд: -Энд дандаа Ардын намынхны оруулж ирсэн санал байна.
Д.Ганхуяг: -Үүний санхүүжилт нь Хөгжлийн банкнаас гарна. Би ажлын хэсгийн ахлагч гээд уг саналыг ганцаараа татах эрхгүй.
З.Энхболд: -Тэгвэл тухайн аймгаас сонгогдсон гишүүн нь саналаа татаад авчих. Энэ соёлын төвийн дараа Увс, Хөвсгөл, Дархан-Уул аймаг дахь хөрөнгө оруулалтын талаар ярина.
Б.Бат-Эрдэнэ: -Сангийн сайд тойрогтоо 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьчихсан байгаа юм. Гэтэл манай аймагт бүх ажлаа хийчихсэн хэрнээ гүйцэтгэгч нь мөнгөө олж авч чадахгүй тохиолдол нэгээр тогтохгүй байна. Д.Ганхуяг гишүүн ээ, та бол гол будлианыг хутгаж байгаа хүн шүү.
Б.Чойжилсүрэн: -Увс аймагтай холбоотой хөрөнгө оруулалтын тухайд 2014 онд ажлаа эхлүүлээд дуусчихсан. Үүний санхүүжилтийг оны эхэнд хийсэн тодотголд тусгасан хэрнээ сая хасчихсан байсныг нэмж байгааг та бүхэн ойлгох хэрэгтэй.
Ц.Даваасүрэн: -Хөвсгөл аймагт ч адилхан, энд шинэ хөрөнгө оруулалт тусгах гээгүй. Ямар аргаар хассаныг нь бүү мэд, санаатайгаар хөрөнгө оруулалтыг нь хасчихсан байсныг л нэмж байгаа юм.
Я.Содбаатар: -Хасагдаж байгаа энэ олон хөрөнгө оруулалтаас аль нэгийг нь сугалж оруулан, нөгөөг нь хасах хэрэггүй. Манай аймагт энэ мэт төсөл, арга хэмжээ зөндөө байсан ч оруулаагүй шүү дээ. Ингэж хэл ам болгож тодотголд тусгасан ч мөнгөгүй хойно цааш явахгүй ажил гэдгийг ойлго.
Д.Тэрбишдагва: -Төсвөөр мэргэшиж буй хэдэн хүн энд байна. Б.Чойжилсүрэн гишүүн гэхэд л бусад үед бараг дуугардаггүй хэрнээ жил бүрийн төсвийн хэлэлцүүлгийн үеэр байнга бужигнуулах юм. Төсвийн ажлын хэсэгт орсон хүмүүс нь давуу эрх эдлээд байгаа юм биш үү.
Жишээ нь, нийслэлийн 82, 65, 113, 118, 160 дугаар цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг 2015 оны төсөвт суулгаж, одоо ажлаа хийчихсэн байхад мөнгийг нь өгөхгүй л байна. Энэ соёлын төвийн барилгатай яг ижил нөхцөлд байгаа гэсэн үг. Соёлын төвөөс цэцэрлэг нь илүү ач холбогдолтой байх шүү.
З.Энхболд: -Жил жилийн төсвийн ажлын хэсэгт хэдхэн хүн ордог нь буруу биш л дээ. Тэд мэргэшиж байгаа хэрэг. Яг ижил нөхцөл байдалд орчихсон хөрөнгө оруулалтуудаас чухлыг нь оруулах гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, мөнгийг нь одоо, эсвэл ирэх жилийн төсөвт суулгаж өгөх үү гэдгийг л шийдэх гээд байна.
Д.Ганхуяг: -Б.Бат-Эрдэнэ аваргаас эхлээд энэ танхимд ярьж байгаагаа ажил гэж ойлгох хүмүүс байх юм. Юм хийхээр хийлээ гэж загнана. Та бүхний барьж буй цаасан дээр Баянзүрх дүүрэгтэй холбоотой юу ч бичээгүй байгаа биз дээ. Ажлын хэсгийн гишүүд хоёр, гурван өдөр шөнө дөл болтол ажилласан байхад аймаар харддаг юм гэв.
Ийнхүү гишүүд 462 сая төгрөг тойрч дөч гаруй минут хэлэлцэхдээ нам, нутаг ус, бүр ажлын хэсэгт орсон, эсэхээрээ талцан хэрэлдэж, бие биеэ хардсан нь энэ. Уг нь тодотголын хүрээнд хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэхээр дээр дурдсан соёлын төв тэргүүтэй дөрвөн объектын санхүүжилтийг тусгасан аж.
Ажлын хэсгээс тайлбарласнаар эдгээр нь шинэ хөрөнгө оруулалт биш бөгөөд ажил нь хийгдчихсэн, 2015 оны төсөв болон тодотголд санхүүжилтийг нь тусгасан байсныг Сангийн яам хасаж оруулж ирснийг дахин тусгаж буй хэрэг гэнэ. Нөгөө талаас эдгээр нь улсын төсөв бус, Хөгжлийн банкнаас санхүүжилт авах юм байна.
Гэвч тэдгээрийн санхүүжилтийг тодотголд тусгасан ч өгөх боломжгүй гэдгийг цөөнгүй гишүүн хэлж байсан юм. Тухайлбал, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан “Засгийн газрын өрийн төлбөрийн 60 тэрбум төгрөгийг ирэх оны төсөв рүү шилжүүлснийг л хэмнэлт гэж харахгүй бол тодотголын хүрээнд үндсэндээ хэмнэлт гэхээр зүйл хийсэнгүй.
Одоо төрийн данс хасах баланстай болж, улайчихсан байна. Хөгжлийн банкны санхүүжилтийг хүртэл зогсоочихсон шүү дээ” хэмээсэн юм.
Юутай ч өчигдрийн нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, дараагийн шатанд шилжүүллээ. Гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийн үеэр зарчмын өөрчлөлт хийх боломжгүй учир өчигдрийн хэлэлцүүлгээс энэ оны төсвийн тодотголын ерөнхий дүр зураг харагдахаар байна.
Тухайлбал, нэгдсэн төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн орлогын төлөвлөгөөг 51.1 тэрбум төгрөгөөр бууруулах саналыг дэмжсэн. Харин урсгал зардлыг бууруулах чиглэлээр улсын төсвөөс санхүүждэг бүх төсөвт байгууллагын арваннэг, арванхоёрдугаар сарын цалингаас бусад тэвчиж болох бүх зардлыг дахин 15-20 хувь бууруулах замаар нийт найман тэрбум төгрөг хэмнэхээр боллоо.
Ингэснээр төрийн өндөр болон улс төрийн албан хаагч, албан тушаалтны цалинг он дуустал 30 хувиар бууруулахааргүй болж буй юм. Үүнээс гадна он дуустал дэд сайд нарт зориулан зардал тусгасангүй.
Б.НОМИН