Амтархан иддэг зайдас, хиам нь архи, тамхинаас ч илүү хөнөөлтэй болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнгөрч буй долоо хоногт бидэнд анхааруулсан. Өдөр бүр хэдхэн зүсэм буюу 50 грамм боловсруулсан махан бүтээгдэхүүн идэхэд л бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчлөх магадлал 18 хувь нэмэгддэг аж.
Боловсруулсан махан бүтээгдэхүүн гэж юу вэ?
Нөөшилсөн, давсалсан, эсвэл борцолсон, утсан, лаазалсан бүхий л төрлийн махан бүтээгдэхүүнийг энэ ангилалд хамруулан ойлгож болно.
Үүнд:
- Зайдас, хотдог, салями.
- Утсан гахайн мах, хиам.
- Давсалсан, нөөшилсөн мах.
- Утсан мах.
- Хатааж, борцолсон мах.
- Лаазалсан мах.
Харин хэрчсэн, машиндсан, татаж хөлдөөсөн махыг боловсруулаагүйд тооцдог.
Боловсруулсан мах ба амьдралын зөв хэвшил
Боловсруулсан маханд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг олон төрлийн бодис ордог. Тиймдээ ч бүр хэдэн арван жилийн өмнөөс л хүмүүст эл төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэхээс зайлхий хэмээн эрүүл мэндийн байгууллага, эмч судлаач нар сэрэмжлүүлж ирсэн.
Сүүлийн үед байнга ярьж, бичих болсон зүйлсийн нэг нь амьдралын зөв хэвшил, эрүүл хооллолт. Харин хиам, зайдас, утсан мах зэрэг боловсруулсан махан бүтээгдэхүүн нь эрүүл бус сонголт болдог байна.
Судалгаанаас харахад боловсруулсан махан бүтээгдэхүүнээс утсан махыг хүмүүс түлхүү хэрэглэдэг байна. Харамсалтай нь утсан маханд дурлагчид жимс, хүнсний ногоог хангалттай хэмжээгээр хүнсэндээ хэрэглэдэггүй.
Тиймээс эрдэмтэд боловсруулсан мах идэх нь бусад эрүүл хүнсэнд тооцогддог бүтээгдэхүүнийг хэрэглэхээс зайлхийхэд шууд нөлөөлдөг байх магадлалтай хэмээн үзэж буй. Товчхондоо та хиам, зайдас, утсан гахайн мах идээд л эхэлбэл эрүүл хоолноос өөрийн мэдэлгүй татгалзаж, сонголт тань нэг мэдэхэд бүхэлдээ эрүүл мэндэд хөнөөлтэй хүнс болж мэдэх нь.
Дүгнэлт: Хэрэв та боловсруулсан махан бүтээгдэхүүн түлхүү хэрэглээд эхэлбэл амьдралын буруу хэвшил рүү улам бүр татагдана гэсэн үг. Энэ нь өвчтөнүүдийн түүх, өвчний шалтгааныг судалсан тоон баримтаар баталгаажсан үнэн.
Архаг өвчин үүсгэдэг
Боловсруулсан мах тогтмол их хэмжээгээр хэрэглэснээр доорх архаг хууч өвчний үндэс суурь тавигддаг.
- Цусны даралт ихсэх.
- Зүрхний өвчин.
- Уушигны өвчин.
- Бүдүүн гэдэс болон ходоодны хавдар.
Одоогоор боловсруулсан махан бүтээгдэхүүүн тогтмол хэрэглэх нь бүдүүн гэдэсний хавдраар өвчлөх магадлалыг 18-аас дээш хувиар нэмдэг болохыг л эрдэмтэд батлаад буй. Бусад өвчин үүсгэдэг, үүсэхэд нөлөөлдөг болохыг нарийн судалгаагаар тогтоогоогүй ч эрдэмтэд багагүй нөлөөтэй гэж үздэг.
Учир нь дээрх өвчнүүдийг үүсгэдэг химийн бодис боловсруулсан махан бүтээгдэхүүнд агуулагддаг байна.
Нитрит
Нян үржихээс сэргийлэх, махны улаан өнгийг хадгалах зорилгоор боловсруулсан маханд нэмдэг нитрит нь олон төрөл байдаг.
Зарим төрлийн нитрит хүнсний ногоо, ундны усанд агуулагддаг бөгөөд боловсруулсан махан дахь нитрит нь 130 хэмд халахад нитросамин болон хувирдаг бөгөөд энэ бодис ходоод, бүдүүн гэдэсний хавдар үүсэхэд нөлөөлдөг үндсэн элемент юм.
Олон гинжит үнэрт нүүрстөрөгч
Мах утах уламжлалт аргууд нь ихэвчлэн утах үедээ давсалж эсвэл хатаадаг. Уламжлалт эл арга нь маханд олон гинжит үнэрт нүүрстөрөгч үүсэх нөхцлийг бүрдүүлдэг аж.
Сонсголонтой нэртэй уг элемент харамсалтай нь нэр шигээ ашиг тустай бодис биш аж. Цөөнгүй судалгаа эл бодисыг хорт хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг гэж баталдаг.
Мод болон модны нүүрсэн дээр шарахад ил гал дээр халаасан төмөр дээр мах шарахад ч хавдар үүсгэгч нүүрстөрөгч үүсдэг гэнэ. Тиймээс барбикью болон гриллдэг шарсан мах ч хавдар үүсгэх эрсдэлтэй гэсэн үг.
Давс
Содуимхлорид буюу давс нь мөн л эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүн. Олон мянган жилийн турш хоолонд амт нэмэх гэж хэрэглэж ирсэн эл эдийг эрүүл мэндэд хортой хэмээн эрдэмтэд олон жилийн өмнөөс сануулж ирсэн.
Харин боловсруулсан махан бүтээгдэхүүн бол давсыг их хэмжээгээр хийсэн цөөн хүнсний бүтээгдэхүүний нэг юм.
Судалгаанаас харахад давс их хэмжээгээр хэрэглэх нь зүрхний өвчин болон ходоодны хавдар үүсэхэд гол нөлөө үзүүлдэг.