Хоёр талын харилцааг бэхжүүлэх арга зам хийгээд Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хетэй яриа хөөрөө хийхээр Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян өнгөрсөн бямба гаригт Сөүлд хүрэлцэн ирэв. 2013 онд Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд болсоор Ли Көцян БНСУ-д анх удаа ирж буй нь энэ юм.
Өчигдөр Сөүлд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч болон Ли Көцян, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар гурван талт уулзалт хийлээ. Ийм түвшний уулзалт хамгийн сүүлд 2012 оны тавдугаар сард Бээжинд болсон байна. Түүнээс хойш Ази, Номхон далайн бүс нутаг дахь ойрын хоёр хөрштэйгөө Японы харилцаа мэдэгдэхүйц муудаад байгаа нь газар нутгийн маргаан болон дайны дараах түүхийн асуудлаар санал зөрөлдөөнтэй байдлаас үүдэлтэй юм.
Японы милитаризмын бэлгэ тэмдэг гэж Азийн орнууд үздэг Токиогийн Ясукуни сүмд Японы Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд байн байн очдогт Сөүл, Бээжин сэтгэл нэн дундуур байдаг аж.Пак Гын Хе, Шинзо Абэ хоёр өнөөдөр уулзаж, “бэлгийн боолчлол” зэрэг ноцтой асуудлаар санал бодлоо солилцох аж.