Украины Ерөнхийлөгч Петр Порошенко “санаандаа нийцэхгүй хүмүүсийг” баривчлах тушаалыг Ерөнхий прокурорын байгууллага, Аюулаас хамгаалах албанд өглөө гэж Радикал намын тэргүүн Олег Ляшко мэдэгдлээ. УКРОП намын дарга Геннадий Корбаныг гэмт хэргийн бүлэглэл зохион байгуулахад оролцсон хэмээн сэжиглэж аравдугаар сарын 31-нд баривчилсныг Ляшко тайлбарлаад, “Порошенкогийн дарангуйллыг зогсоохын төлөө бид хүчээ нэгтгэх ёстой. Түүний хийсэн энэ үйлдэл гэмт хэрэг бөгөөд түүнд итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураах үндэслэл болно” гэж Ляшко өөрийн Facebook хуудсанд бичжээ.
Украины аюулаас хамгаалах алба УКРОП намын байранд нэгжлэг хийн 1.5 сая ам.доллар болон олон тооны зэвсэг хурааж авсан байна. Корбаныг гэмт бүлэглэл байгуулж, үйл ажиллагаа явуулсан, хөрөнгө завшин, хүн хулгайлсан гэсэн эрүүгийн хуулийн гурван заалтаар буруутгаж байгаа аж. Ерөнхий прокурорын газар болохоор Корбаныг баривчилсан нь улс төрд ямар ч хамаагүй гэж мэдэгдэв. Тэгвэл удирдагчийг нь баривчилсныг орон нутгийн сонгуульд амжилттай оролцсоноос нь үүдэлтэй гэж УКРОП нам үзэж байна. Тус нам 15-аас дээш мужийн, 100 гаруй хот, районы зөвлөлд төлөөлөлтэй болжээ.