Ингэснээр 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн улсын төсвийн орлогын төлөвлөгөөг 51.1 тэрбум, Хэнтий, Сүхбаатар аймгийн суурь орлогыг 2.9 тэрбум төгрөгөөр буюу нийт 54 тэрбум төгрөгөөр бууруулахаар болов.
Мөн тодотголын хүрээнд төрийн өндөр болон улс төрийн албан тушаалтны цалинг 30 хувиар бууруулахгүй байхаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан урсгал зардлыг 1.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, улсын төсвөөс санхүүждэг бүх төсөвт байгууллагын энэ оны сүүлийн хоёр сарын төлөвлөсөн цалингаас бусад тэвчиж болох урсгал зардлыг 15-20 хувиар бууруулах юм.
Үүнээс 8.1 тэрбум төгрөг хэмнэх аж. Үүнээс гадна улсын төсвийн хөрөнгийн бусад зардлаас 47 тэрбум төгрөг хасаж, хөрөнгө оруулалтын зардалд 9.2 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг он дуустал нэмж санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Дээрх өөрчлөлтүүдийг төсвийн төсөлд тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 6.074.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 28.8, нийт зардал 7.263.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 30.8 хувь болж, нийт алдагдал 1.179.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий таван хувьтай тэнцэхээр болж байна.
Мөн энэ өдөр Засгийн газраас долоо хоногийн өмнө өргөн мэдүүлсэн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ хүрээнд Ноён уул орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын, Төв аймгийн Борнуур сумын нутагт орших Ноён уул орчмын газар нутгийг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах санал оруулж буй юм.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн ирц хангалтгүй байсны зэрэгцээ УИХ-ын даргын хэлсэнчлэн гишүүд нэгдсэн ойлголтод хүрэхэд хол байсан учраас хойшлуулав. Үүний хамт Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай тогтоолын төслийн хэлэлцүүлгийг ч хойшлуулсан юм.
Эдгээр төслийг энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд ч оруулахгүй болохыг УИХ-ын дарга мэдэгдсэн. Учир нь УИХ-ын хэлэлцүүлгээс наана холбогдох Байнгын хороо тусгайлсан хэлэлцүүлэг явуулж, ойлголтоо нэгтгэх чиглэл өгсөн юм.
Б.УРАН