Хилчдийг уналгын мориор хангах зорилгоор Хөвсгөлийн мянгат малчдын дунд “Нэг мянгат нэг агт” хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ. Тус аймагт мянгат малчин 314 хүн байдаг аж. Их-Уул, Тариалан, Эрдэнэбулган сумын малчид уг хөдөлгөөнд идэвхтэй оролцож, хилчдэд хамгийн түрүүнд 15 агт хандивлаад байна.
Энэ аймаг хойд хэсгээрээ ОХУ-ын Тува, Буриад улстай 1027 км газраар хиллэдэг. Хилийн эл урт зурвасыг хамгаалж буй хилчин бүрт гурван морь шаардлагатай байдаг аж. Өвөлдөө цас их унадаг, маш хүйтэн, бартаа саад ихтэй, хад асга, өндөр сарьдаг, намаг шалбаагтай тайгад хилчдэд хөл залгуулдаг ганц найдвартай унаа нь морь.
Хилчид хил дээр нэг удаа үүрэг гүйцэтгэхдээ 10 хоногоос нэг сар болдог. Энэ хугацаанд морь эцэж, дахин хоёр сар унах аргагүй болдог гэнэ. Тиймээс нэг хилчин наад зах нь гурван морьтой байж, сэлгэж унах шаардлага тулгардаг юм байна.
Үүний зэрэгцээ Тувагийн хулгайч нар Монгол Улсын хил зөрчин орж ирээд, манай малчдын малыг хулгайлах хэрэг цөөнгүй гардаг. Үүнийг илрүүлж, таслан зогсоох гол үүргийг хилчид гүйцэтгэдэг. Тэгэхээр хилчдийг сайн унаатай болгох нь малчдын хувьд малаа бүрэн бүтэн байлгах бас нэг арга юм.
Б.БАЙГАЛ