Ихрүүдэд төрөөс нэг удаа буцалтгүй мөнгөн тусламж үзүүлэхээс өөрөөр төдийлэн харж ханддаггүй гэхэд хилсдэхгүй. Асаргаа халамж хэд дахин их шаардагддаг ихрүүддээ Дорнод аймгийнхан байр бэлэглэсэн таатай мэдээлэл чих дэлслээ.
Манай оронд зургаа дахь жилдээ тэмдэглэж буй “Үндэсний өгөх өдөр”-ийг тохиолдуулан Дорнод аймагт өсч бойжиж буй ихэр хүүхдүүдийн гэр бүлд хоёр өрөө байр гардуулах ёслол өчигдөр болжээ.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун мөрийн хөтөлбөртөө аймагтаа 0,07 га газрын өмчлөл бүхий амины орон сууцны жишиг хороолол байгуулж, залуу гэр бүлийг орон сууцжуулахаар тусгасан байснаа ажил хэрэг болгож, “Залуус” хэмээх амины орон сууцны хороолол байгуулж буй. Тус хорооллын хоёр өрөө байрнаас гурван ихэр хүүгээр ам бүл нэмсэн Хэрлэн сумын иргэн Баттулгын гэр бүл, мөн гэргий Б.Хонгорзул нь жил дараалан амаржиж ихэр хөвгүүд төрүүлэн өдгөө дөрвөн хүүтэй өнөр өтгөн айл болоод буй Э.Ганзоригийнд бэлэглэжээ.