Нийслэл хотын шөнийн амьдрал, гэмт хэргийн нөхцөл байдал, цагдаагийн байгууллагын алба хаагч нар хэрхэн ажилладгийг сурвалжлахаар өнгөрсөн сарын 29-30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнтэй манай сонины сурвалжлах баг хамт явлаа.
Тус хэлтсийг сонгон очсон шалтгаан нь Баянгол дүүрэг нийслэлийн төвд байрладаг, худалдаа, үйлчилгээний газрууд төвлөрсөн, иргэд олноор зорчдог төдийгүй орон сууц болон гэр хороолол нэг дор байрласан газар юм.
Бид Цагдаагийн хэлтсийн байранд 22.00 цагийн үед очлоо. Биднийг дөнгөж үүдээр нь ороход тэндхийн ажилтнууд ихэд сандран гүйлдэцгээж байв. Шалтгааныг тодруулахад, тус хэлтсийн хоёр алба хаагч дуудлагаар очоод, хүнд хутгалуулсан гэнэ.
Төрийн цагдааг хутгалсан гэх мэдээг сонсоход итгэхэд ч бэрх санагдсан юм. Ингээд жижүүрийн бүрэлдэхүүнтэй хэрэг гарсан газрыг зорилоо. Бүрэлдэхүүнд хариуцлагатай зохицуулагч, ахмад Д.Батцоож, мөрдөн байцагч, ахмад Д.Сайнбилэг, эрүүгийн төлөөлөгч, дэслэгч Ц.Энхжин, шинжээч, ахлах дэслэгч Б.Мөнгөнсүлд, жолооч ахлах ахлагч Б.Нямхүү нар ажиллав.

Тус дүүргийн X хорооны нутаг Зүүн нарангийн XI гудамжны 59 тоотод уг хэрэг гарчээ. Эл тоотод оршин суух иргэн Х.О “Согтуу хүн танхайраад, ална гэж сүрдүүлж, яндан руу чулуу шидээд байна” гэх дуудлага 21.00 цагийн үед өгчээ.
Дуудлагын дагуу “Тайшир-112” чиглэлийн эргүүлийн офицер, ахмад Э.Удаанжаргал, цагдаа жолооч, дэд ахлагч Г.Тулга нар очсон байна. Хашааны хаалгаар Э.Удаанжаргал түрүүлж, араас нь Г.Тулга оржээ. Тэднийг дөнгөж ормогц харанхуйд нуугдан зогсож байсан этгээд дэд ахлагч Г.Тулгын араас хутгалсан аж.

Тэрбээр “Намайг хутгалчихлаа” гэж хашгирахад урд явж байсан ахмад Э.Удаанжаргал эргэн харж гэмт этгээдийн хутгатай гарыг цохисон ч цас, мөс тогтсон уруу газарт хальтран унасан гэнэ. Уначихаар нь гэмт этгээд түүнийг ч бас хутгалчихлаа гэж бодсон бололтой хашааны нөгөө талаар зугтжээ.
Араасаа хутгалуулан хүнд гэмтсэн хамтран зүтгэгчийнхээ амийг аврахын тулд тэрбээр түргэн тусламж дуудаж, хэлтэс рүүгээ мэдэгдэн Г.Тулгыг Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү хүргэсэн юм.
Дуудлага өгсөн иргэн Х.О энэ талаар “Би энэ хүнтэй хамтран амьдардаг байсан юм. Тэр нэг байрны хамгаалагч, жижүүр хийдэг. Тэндхийн нэг подвальд амьдардаг. Архи ууж, агсам тавин биднийг зовоогоод байхаар нь хоёр сарын өмнө хөөж явуулсан юм.
Гэтэл сүүлийн үед ирээд “Хүүхдүүдтэй чинь хамт хүйс тэмтэрнэ, гэрийг чинь шатаана” гэж дарамтлах болсон. Би түүнийг өмнө нь хэд хэдэн удаа эрүүлжүүлэхэд өгч байсан. Түүнд их хорсож явдаг юм шиг байна лээ” гэж ярив.
Гэмт этгээд хэрэг үйлдсэн зэвсэгтэйгээ зугтсан учир тус хэлтсийн бие бүрэлдэхүүн 23.30 цагт хэсэгчилсэн түргэн цугларалт зарлаж, очиж болох хаягуудаар эрэн сурвалжлах ажиллагаа эхлүүллээ.

23.50 цаг. “Биеэ хянах чадваргүй болтлоо согтсон 40 орчим насны эмэгтэй XI хорооны нутагт, гудамжинд сууж байна” гэх дуудлага ирлээ. Дуудлагын дагуу биднийг очиход согтуу эмэгтэй цагдаагийн алба хаагчтай маргалдан, нэрээ хэлэхээс цааргалж байв.
Түүнчлэн түүний аюулгүй байдлыг хангахын тулд гэрийн хаяг болон холбоо барих хүний утасны дугаарыг лавлахад хоёр, гурван гадаад хэлээр ярьж “онгирч” байх юм. Тэрбээр “Би согтоо л биз, яадаг юм бэ. Адилхан төрийн албан хаагч байна. Эгчийгээ Орбит хүргээд өгчих. Та нар миний төлсөн татвараар цалинждаг биз дээ” гээд хараалын үг хайр гамгүй урсган уйлах дуулах, инээх, уурлахыг хослуулан авирлаж байгааг харахад нүд хальтирам санагдлаа.
Өөрийг нь гэмт хэрэгт өртөж хохирох, осгож, амь насаа алдахаас хамгаалахаар ирсэн алба хаагч нарыг арай л дэндүү доромжилж байв. Түүнд “Цагдаагийн байгууллага такси бааз биш шүү” гэж хэлмээр санагдаж байв. Цагдаа нар түүнд элдвээр доромжлуулаад л таксинд суулгаж өгөөд явуулсан.

00.20 цаг. “Манай гэрт хулгай орсон байна” гэх дуудлага иржээ. Гэрийн эзэгтэй “Өвөг дээдсээс минь өвлөгдөн ирсэн мөнгөн аягыг хулгайч авсан байна. Өчигдөр орой байдаг газартаа байсан юм. Охин маань хичээлээ тараад орой ирэхэд шүүгээний хаалга онгорхой, миний гоо сайхны хэрэгсэл хийдэг цүнхийг онгойлгоод тавьчихсан байсан гэсэн.
Тэгээд эд хогшлоо бүртгэж үзэхэд тэр аяга алга. Өөр юу авсныг нь яг одоо хэлж мэдэхгүй байна. Мөн гадна хаалганы цоож гэмтээгүй байхыг бодоход түлхүүр тааруулсан байж магадгүй” гэж байв. Жижүүрийн бүрэлдэхүүн хохирогч эмэгтэйгээр өргөдөл бичүүлж аваад эрэн сурвалжлах ажиллагаа явуулахаар боллоо.
00.45. “Ачлал” их дэлгүүрийн зүүн талд, “Намуун” зоогийн газрын хажууд явж байгаад цүнхээ булаалгалаа” гэх дуудлага ирлээ. Биднийг очиход 20 гаруй настай охин ганцаараа зогсож байв. Мэдээж согтуу. Тэрбээр цагдаад өгсөн мэдүүлэгтээ “Би нэг найзтайгаа уушийн газарт архи ууж байгаад, “Намуун” зоогийн газарт хоол идсэн.
Гарч ирээд хажуугийн байрны буланд очиж бие засах гээд явж байтал цүнхийг минь булаагаад явчихлаа” гэв. Цагдаа түүнд “Чи эмэгтэй хүүхэд. Шөнө оройн цагаар согтуу, бас гудамж талбайд бие засна гэдэг байж болох уу” гэв. Эрэгтэй хүн түүнтэй “бие засах” гэж ярьж байхад охин өөдөөс нь “Шээс хүрээд байгаа юм чинь яах юм бэ. Тэгээд ч би тийм ил задгай суугаагүй” гэж хэнэг ч үгүй уурлах.
Түүнийг О.Н гэдэг, 1992 онд төрсөн. Бүрэн дунд боловсролтой. Нэгэн зоогийн газарт тогооч хийдэг аж. Ээж, дүү нар болон таван настай охинтойгоо амьдардаг. Нөхөр нь дураа хүрвэл ирээд, дургүйгээ хүрэхээр ирдэггүй (охин ингэж хэлсэн).
Тэрбээр “Би юмаа алдчихаад байхад надаас байцаалт аваад байхдаа яадаг юм бэ. Яг одоо миний цүнхийг олж өг. Та нар тийм үүрэгтэй биз дээ. Баян хүн юмаа алдсан бол та нар дор нь олж өгдөг. Жижигхэн хүнд хууль чинь яаж үйлчлэхийг харъя. Би та нарыг шалгаж байна. Хэн ч л архи уудаг биз дээ.
Залуу хүнд шоудах үе байлгүй яадаг юм бэ. Та нар миний цүнхийг л олоод өгчих” хэмээн хэсэг цамнасны эцэст тайлбар өгч эхэллээ. Эцэст нь өгсөн тайлбарынхаа дор гарын үсэг зурах гэж бас л нэлээд юм болов. Хөндлөнгөөс харж зогссон хүнд хүртэл түүний ааш авирыг тэвчих хэцүү байсныг нуугаад яах вэ.

01.10 цаг. “Үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагч нарыг хутгалсан этгээд баригджээ” гэх мэдээлэл ирлээ.
Сэжигтнийг хэрэг хийснийхээ дараа гэртээ ирж өөрийн эд зүйл, дулаан хувцсаа аваад оргон зайлах гэж байхад нь Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, ахмад Ж.Тамир, ахлах дэслэгч Ч.Ойдов, эргүүлийн офицер, дэслэгч Д.Ариунболд нар шуурхай ажиллан, 00.30 цагт буюу нэг цагийн дотор баривчилсан байв.
Сэжигтэн Х.Б нь 1965 оны гуравдугаар 27-нд Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд төрсөн. Бүрэн дунд боловсролтой, нийслэлийн Баянзүрх дүүргийн долдугаар хороо, 64 дүгээр байрны подвальд түр оршин суудаг. “Олимп” хотхоны хамгаалагчаар ажилладаг гэнэ.
Өмнө нь дөрвөн удаа ял шийтгэгдэж байжээ. Х.Б-г баривчлан, биед нь үзлэг хийгээд хэрэг үйлдсэн зэвсэг болох улаан хүрэн өнгийн иштэй найман см урт иртэй тонгоргийг эд мөрийн баримт болгон хураан авчээ. Тэрбээр баригдах үедээ хутгаар зэвсэглэн эсэргүүцэл үзүүлж, зугтахыг оролдсон гэнэ.
Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230.3-т зааснаар хэрэг үүсгэн ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан юм.
Сэжигтэн Х.Б-д хутгалуулсан хохирогч, дэд ахлагч Г.Тулгад ГССҮТ-ийн эмч нар анхны тусламж үзүүлж, оношлоход баруун бөөрнөөс дээш 0.5 см-ийн зайд 7-8 см-ийн гүн шархтай байжээ. Тэрбээр одоо Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Харин ахмад Э.Удаанжаргал гэмт этгээдийн хутгыг цохих үедээ зүүн гарын бугуйндаа хөнгөн шархтсан байв.

01.51 цаг. “X хорооны нутаг, Зүүн нарангийн 12 дугаар гудамжны 102 тоотод хүн нас барсан байна” гэх дуудлага ирлээ. Дуудлагын дагуу жижүүрийн бүрэлдэхүүн очиход тус тоотод оршин суугч 58 настай О.Б гэх эмэгтэй гаднаа ил харагдах ямар нэг гэмтэл, шархгүй нас барсан байв.
02.57 цаг. “Баянгол дүүргийн XI хорооны нутагт байрлах “Таац” зочид буудалд насанд хүрээгүй хүүхэд орлоо” гэх дуудлагаар эргүүлийн цагдаа нар очлоо. Биднийг очиход тус зочид буудлын орчимд олон хүн бүртэлзэн зогсох юм. Шөнийн энэ цагт эдгээр хүн юу хийж буйг сонирхов. Биднийг хажуугаар нь машинтай өнгөрөх мөчид тэд “Юм байна шүү” гэж байх юм.
Тэд шөнийн цагаар шагийн архи зардаг аж. Ямар, ямар архи, хэдэн төгрөгийн үнэтэйг лавлахад “Нийслэл шар айраг 5000, архи нь 0.5, 0.75, нэг литрийнх гээд бүгд байна. 25-40 мянган төгрөгийн үнэтэй” гэв. Бидний араас дуут дохио ажиллуулсан цагдаагийн машин “Таац” зочид буудлыг чиглэн ирэхэд нөгөө олон хүн хэдхэн хормын дотор ор мөргүй алга болов.
Бодвол бүгд өөрсдийн гэсэн нуувчтай бололтой. Үе үе тэднийг баривчилж, зарж буй архийг нь хураан устгалд оруулдаг ч маргааш нь дахиад л шагийн наймаагаа хийдэг. Дийлддэггүй гэнэ. Энэ удаа цагдаагийн ажилтнууд тэднийг зорин очоогүй тул шууд л дуудлага өгсөн зочид буудал руу орцгоолоо. Тус зочид буудлын жижүүрийн тэмдэглэлд насанд хүрээгүй хүүхэд байгаа гэх бүртгэл байсангүй.
Ажилтнууд ч “Бид шалгаж байж оруулдаг” гэж байв. Гэхдээ зөвхөн хоногоор үйлчлүүлж буй иргэдийн мэдээллийг л бүртгэдэг юм байна. Цагаар орж байгаа хүнээс зөвхөн мөнгийг нь аваад л оруулчихдаг. Ямар ч бүртгэл хийдэггүй болохоо хэллээ.
Энэ дуудлагыг зочид буудлын ажилтнууд биш, иргэн өгсөн аж. Иймээс үнэн гэж баталж чадахгүй ч худлаа гэх боломжгүй байлаа. Учир нь энэ бол хуулиар зөвшөөрөгдсөн үйлчилгээний байгууллага. Хүний эрхийн асуудал яригдах тул өрөө болгоныг шагайж бас болохгүй. Ингээд буудлын ажилтнуудад цагаар үйлчлүүлж буй иргэдийн бүртгэлийг ч мөн хийж байхыг анхааруулаад буцлаа.

Үүгээр манай энэ удаагийн шөнийн сурвалжлага өндөрлөв. Нэг шөнийн хугацаанд уг хэлтэст гэмт хэргийн шинжтэй таван дуудлага ирснээс дөрвийг нь алба хаагч нар тухай бүрт нь шуурхай илрүүлжээ. Мөн 71 дуудлага, 21 өргөдөл бүртгэгдсэн байв. Үүнээс үзэхэд цагдаагийн байгууллагын алба хаагч нар ямар их ачаалалтай, хүнд нөхцөлд ажилладгийг харж болох юм.
Түүнчлэн хүнд шархтсан хамтран зүтгэгчээ эмнэлэгт хүргээд, өөрөө хөнгөн шархтсан хэдий ч албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж буй офицероор бахархлаа. Хэдийгээр цагдаагийн байгууллага үйлчилгээнийх ч гэсэн ажлын хүнд нөхцөлийг нь иргэд бид хүндэтгэх учиртай.
Цагдаа нар ааш зан муутай, дээрэлхүү авиртай хэмээн олон хүн ярьдаг. Үнэндээ бид л тэдний тэвчээрийг барж, ааш занг нь эвддэг юм шиг. Цагдаагийн алба хаагч нар бидний аюулгүй байдлын төлөө ажиллахаар тангараг өргөсөн ч энэ нь согтуу нөхдүүдэд доромжлуулах шалтгаан биш байлтай.
Х.АЗЖАРГАЛ