Иргэд авто зам дагуу мод, нүүрс зарж байгаагаас үүдэн зам тээврийн осол гарахаас гадна авто замын хашлага, ногоон байгууламж гэмтдэг аж. Тиймээс хотын удирдлагууд үүнийг цэгцлэхээр болжээ.
Тодруулбал, нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнөөс гарсан зөвлөмжийн дагуу дүүргийн Засаг дарга нар захирамж гарган, өнөөдрөөс шалгалт явуулж эхэллээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн удирдагууд зөвлөмжийн дагуу удирдамж боловсруулан, хоёр долоо хоногийн хугацаатай шалгалтаа эхлүүлсэн байна.
Шалгалтын үеэр мод, нүүрс худалддаг хүмүүст явган зам болон авто замын нэгдүгээр эгнээнд худалдаа эрхлэхгүй байх мэдэгдэх хуудас өгөх гэнэ. Харин цаашид энэ төрлийн худалдаа эрхэлдэг хүмүүсийг мандатжуулахаар төлөвлөжээ. Чингэлтэй дүүргийн хувьд “Явган замаа чөлөөлөөд худалдаагаа явуул” гэсэн шаардлага тавьж байгаа гэнэ.
Баянгол дүүрэг зөвлөмжийн дагуу шалгалтаа эхлүүлж, торгох, мол, нүүрсийг хураах арга хэмжээ авч байгаа ч цаашид мод, түүхий нүүрс худалдахыг хязгаарлах боломжгүй гэдгийг тус дүүргийн Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга Э.Батбилэг хэллээ.
Тодруулбал, тус дүүргийн иргэд боловсруулсан түлш хэрэглэдэг учраас дүүргийн нутаг дэвсгэрт түүхий нүүрс зарахыг хориглодог. Гэвч энэ жил түлшинд татаас өгөхгүй болсон учраас хязгаарлалтын бүсийг шинэчлэн тогтоогоогүй аж. Тиймээс цаашид уг асуудалд ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байгаа гэнэ.
Г.Цэцэг