Автомашин худалддаг захууд өнөөдөр ажиллахгүй байж мэднэ. Учир нь НИТХ-ын 29 дүгээр тогтоолоор нийслэлд үйл ажиллагаа явуулдаг авто худалдааны захуудыг нүүлгэн шилжүүлэхээр болсон. Уг тогтоолыг хэрэгжүүлэхээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нийслэлд зориулалтын бус газар худалдаа эрхэлж буй 22 аж ахуйн нэгж, иргэнийг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо буюу 22-ын товчооны зүүн урд зүгт байлах Авто худалдааны цогцолбор руу нүүхийг үүрэг болгосон шаардах бичиг хүргүүлсэн боловч худалдаа эрхлэгчид нүүхээс татгалзаж, тайван жагсаал хийгээд буй.
Өнгөрөгч бямба гаригт 1000 машины зах хэмээн нэрлэдэг захын үйл ажиллагааг хааж, Төмөр замын байгууллагын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаныхан хамгаалалтад зогсчээ.
6000 ам метр тус талбайд 300 гаруй иргэн ажилладаг бөгөөд өнгөрсөн гурав хоногийн турш албадан нүүлгэх ажлын улмаас тус захын үйл ажиллагаа түр зогсчээ.
Энэ талаар Их тэнгэрийн хас нийгэмлэгийн Үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Ууганцэцэгээс тодруулахад “Авто худалдааны цогцолбор руу нүүе гэсэн ч өвлийн хүйтэнд дулаацах байр, бие засах газар ч байхгүй. Тиймээс бид Авто худалдааны цогцолбор биднийг ажиллах нөхцөл боломжоор хангахуйц болтол Улаанбаатар төмөр замын удирдлагаас гэрээнд заасан хугацаа ёсоор үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсч буй. Уг гэрээ ирэх оны аравдугаар сар хүртэл үргэлжлэх юм. Нөгөөтэйгүүр Авто худалдааны цогцолборын түрээсийн үнэ хэт өндөр байна. Бид өнөөдөр нүүж очихын тулд ашиглалтын зардал гэх дөрвөн сая төгрөгийг төлөхөөс гадна сар бүр 1,5-2 сая төгрөг түрээсийн төлбөрт өгөх ёстой юм билээ. Түүнээс гадна ажилдаа очих бүртээ үүдэнд нь хураамж болох 5000 төгрөг тушаах ёстой” гэв.
“1000 машины захад гарсантай ижил харуул хамгаалалт өнөөдөр бусад захуудад гарч үйл ажиллагааг нь хаах талаар Нийслэлийн цагдаагийн газарт ямар нэг хүсэлт ирээгүй байгаа” хэмээн Нийслэлийн цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатар мэдээлсэн бол Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтэн “Бусад захуудыг ч бас ийм л аргаар албадан нүүлгэхээс өөр аргагүй болоод байна. Маргааш автохудалдааны захуудыг хааж, үйл ажиллагааг нь түр зогсоох эсэх талаар одоогоор ямар нэг удирдамж ирээгүй байна” гэв.