УИХ-ын 75 дугаар тогтоол өнгөрсөн долоодугаар сард УИХ-аар батлагдсан. Үүнийг хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газрын зүгээс ХХААЯ, Аж үйлдвэрийн яам, Хууль зүйн яаманд даалгасан. Гэвч зарим иргэдийн зүгээс олон нийтэд сөрөг мэдээлэл тараах үүднээс ХХАА-н сайд Р.Бурмаагийн нэр хүндэд халдсан байна. Тодруулбал, иргэн Г.Батбаяр нь өнгөрсөн 9 дүгээр сарын 2-ны өдөр “Ийгл” телевизийн “Иргэний индэр” нэвтрүүлгээр оролцох үедээ “Р.Бурмаа сайд эх орноо худалдах гэж байна” хэмээн ямар ч баримт үндэслэлгүйгээр мэдээлжээ.Тиймээс ХХАА-н сайд Р.Бурмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунболд Сүхбаатар дүүргийн шүүхэд Г.Батбаяртай холбоотой нэхэмжлэл гаргасан байна. Н.Ариунболдоос ямар шалтгааны улмаас шүүхэд нэхэмжлэл гаргасныг нь тодруулахад “Ардчилсан нийгэмд үзэл бодлоо илэрхийлэх нь хувь хүний эрх чөлөө. Гэхдээ таны эрх бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагддаг гэдгийг санах хэрэгтэй. Энэ бол ардчилсан нийгмийн үндсэн зарчим. Иргэн Г.Батбаяр өнгөрсөн есдүгээр сарын 2-ны өдөр Ийгл телевизийн “Иргэний индэр” нэвтрүүлгээр орохдоо “Р.Бурмаа сайд төрсөн нутгаа зарж идэх гэж байна” хэмээн мэдээлсэн. Түүнээс хойш хэд хэдэн удаа олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мөн дээрх утга бүхий ташаа мэдээллийг түгээсэн. ХХАА-н сайд Р.Бурмаа тус асуудалд нэлээд хүлээцтэй хандаж байсан. Сүүлдээ энэхүү мэдээлэлдээ үнэмшиж “Үнэхээр төрсөн нутгаа зарчихсан байна” гэх мэдээлж эхэллээ. Нэгэнт худал мэдээлэл цацаад байгаа учраас энэ асуудлыг шүүхэд нэхэмжлэл гаргаж нэр төрөө сэргээлэхээр шийдсэн. Үнэхээр зарсан юм уу, зараагүй юм уу гэдгийг шүүхээр тогтоолгоно. Үнэхээр зарсан бол ямар баримт байна түүнийгээ дэлгэх хэрэгтэй” гэсэн юм.