Монголын Залуучуудын Холбоо нь өнгөрсөн жилээс эхлэн арваннэгдүгээр сарыг “16 настнуудын сар” болгон зарлаж, улс орон даяар аян өрнүүлж эхлээд буй. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Иргэний андгай өргөх ёслол”-ын ажиллагаа болон 16 настнууддаа зориулсан төрөл бүрийн сонирхолтой арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ жилийн хувьд 16 нас хүрч, Монгол залуу хэмээх эрхэм алдрыг хүртэж байгаа 46 мянга гаруй залуус байгаа бөгөөд Улаанбаатар хотод 17.464, орон нутагт 29.175 залуу байна. Тиймээс “Амьдралын алтан босго 16 нас”, “Зорилгоо тодорхойлцгооё” уриан дор “Өөрийн зорилгоо тодорхойлох нь миний амжилтын эхлэл” цуврал лекц, “Шинэ үеийн нууцын эзэд” 16 настнуудын явган аялал, “Анхны мэдлэг-амжилтын эхлэл” салбар бүрийн байнгын хороодын сургалт, улс орон даяар нэгэн зэрэг “Монгол улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг аймаг бүрт зохион байгуулах, “Хулгайчгүй монгол” зохион бичлэгийн уралдаан, их дээд сургуулиудтай танилцах аян зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулахаар болоод байна.
Монголын залуучуудын холбооноос зохион байгуулж буй уг үйл ажиллагааг 16 настнууд болон эцэг эх, гэр бүл, ерөнхий боловсролын сургууль, багш нар, төрийн болоод төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэд, аж ахуйн нэгжүүд хамтран ажиллаж, гаргасан уриа, хийгдэх ажлуудыг дэмжихийг уриаллаа. Мөн 16 нас хүрч монгол улсын иргэний үнэмлэхээ албан ёсоор гардан авч байгаа залуустаа баяр хүргэж, үйл ажиллагаануудад хамтарч ажиллах хүсэлтэй аж ахуй нэгж байгууллагуудад нээлттэй бөгөөд Монголын Залуучуудын Холбооны 207 тоот болон 88094380 дугаараар холбогдох юм байна. Уг аяныг Монгол Улсын Засгийн Газар, Боловсрол, Соёл , Шинжлэх Ухааны Яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газар, орон нутаг дах бүртгэлийн газрууд, орон нутаг дахь Боловсролын газрууд хамтран дэмжиж ажиллахаар болжээ.