“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК баяжуулах үйлдвэрийнхээ үйл ажиллагааг өнгөрсөн зун түр зогсоож, ажилчдадаа чөлөө өгөөд байсан бол одоо хэвийн ажиллаж эхэлжээ. Дэлхийн зах зээлд төмрийн хүдрийн үнэ унасан нь тус үйлдвэрийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буй гэнэ.
Эдийн засгийн энэ хямралын үед үйл ажиллагаагаа доголдуулахгүйн тулд цогц арга хэмжээ авсны үр дүнд үйлдвэр эргээд ердийн горимд шилжсэн байна. Тиймээс чөлөө өгч явуулсан ажилчдаа эргүүлэн ажилд нь оруулж байгаа аж.
Одоогоор 300 гаруй хүн ажилдаа орсон, 200 ажилчин нь Сэлэнгэ аймгийн Дулаанхаан өртөөнөөс Ерөө, Жавхлант сумын нутгаар дамнуулан Хүдэр хүртэл тавьж буй авто замын ажилд оролцож байгаа гэнэ. Хатуу хучилттай 104.5 км урт энэ замыг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Пик девелопмент” ХК хамтран тавьж буй юм.
Төмөрлөгийн үйлдвэрт одоо 1300 гаруй хүн ажиллаж байгаагийн 1200 гаруй нь Дарханых аж. Энэ үйлдвэрийнхэн Дархан, Сэлэнгийн бүс нутагт байгаа төмрийн хүдрийн бүлэг ордыг түшиглэн, 2015-2019 онд уул уурхайн металлургийн цогцолбор байгуулахаар ажиллаж байгаа юм.
Уг цогцолбор ашиглалтад орвол манай улс гангийн хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангана. Цогцолборыг одоогийн гангийн үйлдвэрийн дэргэд буюу Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор сумын нутаг дахь 150 га газарт барихаар төлөвлөжээ.
Гэсэн ч одоо болтол газрын зөвшөөрөл авч чадаагүй байгаа юм байна. Өчигдөр тус аймгийн Засаг дарга А.Энхболд уг үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаад металлургийн цогцолборын ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ, төлөвлөлт зэргийг сайтар судалж үзсэний дараа газар олгох эсэхээ шийднэ гэсэн хариу өгчээ.
Х.ЭРХЭМ